Монгол услад сэтгүүл зүй үүсч хөгжөөд 101 жилийг ардаа орхижээ.   Өөрөөр хэлбэл  1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад сэтгүүл зүй үүссэн хэмээн үздэг.  

Монголын сэтгүүл зүйн  анхдагч болсон энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

 

Өнгөрсөн 101 жилийн хугацаанд    Монголын сэтгүүл зүй дэлхийн жишигт нийцсэн олон нийтийн чөлөөт, хэвлэл мэдээллийн цогц бүтэц жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтож, бүтээн туурвиж, нийгмийг эрүүлжүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэсээр явна. Тодруулбал,  сэтгүүлчид нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг зоригтойгоор дэлгэн тавьж, нээлттэй ил тод, баримттай нь дэлгэж жинхэнэ ардчилсан, чөлөөт сэтгүүл зүйн салбарыг улам төгөлдөршүүлэн хөгжүүлж байгаа бөгөөд  цаашид ч төгөлдөршихийн төлөө ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл  бүх салбарт хүрэлцэн ажиллаж, хаана шударга ёс алдагдан хүний эрх чөлөө зөрчигдөж байгаа тухай бүрт нь Монголын сэтгүүлчид хүчтэй дуугарч, ямагт удирдан чиглүүлэгч, уриалан дуудагч байсаар ирсэн.

Өнгөрсөн хугацаанд Монголын сэтгүүл зүйг хараар будах оролдлого, шударга үнэний дуу хооолой болж чадахгүй байгаа зэрэг олон сөрөг үзэгдэл гарсан нь уншигч , үзэгч, сонсогчдийн итгэлийг алдсан нь үнэн.  Өнөөдөр ч  энэхүү сөрөг үзэгдэл байгаа нь үнэн.  Гэхдээ үг нь мэргэн, үзэг нь хурц байдаг 4 дэх засаглалынхан хүнд бэрх ямар ч цагт хүн төрөлхтний амьдралд үнэний гэгээг асааж, худал хуурмаг бүхэнтэй зоригтой тэмцэн, шударга ёсыг тогтоосоор ирсэн, тэмцсээр байгаа, тэмцсээр байх болно.

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 101 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлч, идэвхтэн бичигчид, хэвлэл мэдээллийн байгууллага, нийт уншигч, үзэгч түмэндээ баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Та бүхний Үг тань мэргэн Үзэг тань хурц байж, сэтгүүл зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын ерөөл өргөе.

ДОРГИО.МН сайтын хамт олон