Архи хар мөртэй, хар уснаас болж нэг нь шороонд, нөгөө нь шоронд ордог гэх үгийг утгаар нь харуулсан явдал Зам, тээвэр хөгжлийн яаманд гарч, төрийн байгууллагад архидалт хавтгайрсныг илчилсэн.

Яаманд гарсан хүн амины хэргээс хойш Засгийн газар төрийн албан хаагчдын албан өрөөнд гэнэтийн нэгжлэг хийж 115 ширхэг согтууруулах ундаа илрүүлж, дахин өрөөндөө архи хадгалах, нэвтрүүлэхийг завдвал ажлаас өчиггүй халах тушаал ч гаргасан. Төрийн тусгай хамгаалалт бүхий байгууллага руу шингэн зүйл авч орохыг хориглосноор ажилтан, албан хаагч, иргэд цүнх саваа дурандуулж, уух усаа ч хураалгадаг болов. 

Харин энэ нэгжлэг шалгалт, нэхэл хариуцлагад огт хамаарахгүй үлдсэн хэдхэн хүн нь парламентын эрхэм гишүүд юм. Тэдний өрөө, биед нэгжлэг хийхийг Үндсэн хуулиар хориглож дархалсан учраас хэн гэдэг гишүүний арын өрөөнд хэдэн шил архи, виски байгааг хэнбугай ч мэдэж чадахгүй нь лавтай. Үүнийг далимдуулсан УИХ-ын гишүүд төрийн ордонд архидах, гэмт хэрэгт сэрдэгдэх явдал тасрахгүй байна. Ажил дээрээ архиддаг явдал нь ч далд хэлбэрт шилжиж үдийн цайгаараа сархад хүртдэг жишиг хавтгайрсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хятадад айлчлаад ирсэн гишүүд үдийн хоолныхоо үеэр Ши Жиньпин даргын бэлэглэсэн 0.5 литрийн архи задалж уусан” гэж ярьснаар төрийн ордонд архи, согтууруулах ундаа нэвтэрсээр байгааг нотолж өглөө. Бараг л ордонд архи уусан нь хятад удирдагч буруутай шахуу өнгө аяс цухуйлгаж байна лээ. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин ч гэсэн төрийн ордонд гишүүд архидаж, агсам согтуу тавьсан хийгээд олон гишүүн өрөөгөө цэвэрлүүлсэн тухай илчилсэн юм. Тэр архийг төрийн тусгай хамгаалалтын хажуугаар шалгалтгүй нэвтэрдэг УИХ-ын гишүүн л авч орсон байж таараа. Ганц шил хятад архи ч бус цүнхэндээ лонх юмтай орж хадгалдаг гишүүд байхыг ч үгүйсгэхгүй. Баяр ёслол, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан арынхаа өрөөнд шагналын мялаалга, сайдын хишиг хүртээдэг явдал тасардаггүйг сэтгүүлчид андахгүй. Байнгын хороо, бүлгийн хурал, чуулганы танхимын үүдээр ч архи сэнгэнүүлээд зөрдөг гишүүд бийг нуух юун. Хурал дээр халамцуу сууж, гархилсан нүдээ сэтгүүлчдээс нууж ядах гишүүдтэй ч таардгийг дурдах нь зөв буй за.

Ер нь төрийн түшээд архинаас болж факталсан тохиолдол бишгүй их. Нийгмийн хамгааллын сайд, парламентын гишүүн зарим нэгэн архидан согтуурч, хүүхэн шуухан оролдож байгаад карьераа унагасан төдийгүй төрийн ордон даяараа архидаж төв талбайд найган орилолдож явсан гэх зэргээр манай томчуудын паян мундахгүй.

Өмнөх парламентын гишүүд ч төрийн ордонд нэгнийхээ өрөөнд шоудсан бичлэг сонгуулийн үеэр дэлгэгдэж эрхэм гишүүний ам алдсан алдарт үг нийтийн хүртээл болсон. Гишүүдийн арын өрөөний шоу ямархуу аястай болдгийг тэр бичлэг ч сайн сурталдсан. Эдгээр нь төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлага, дэг журам гишүүдэд үйлчилдэггүйн тод жишээ болж, түмэн олны санах ойд үлджээ.

Өмнөх парламентын цадиггүй явдал энэ УИХ-д ч өвлөгдсөн нь олон жишээнээс харагдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох үеэр УИХ-ын гишүүн л.оюун-Эрдэнэ нэр дэвшигчдэд хандан “гишүүний арын өрөөнд битгий согтуурч байгаарай” хэмээн захисан нь цаад утгаараа гишүүдийн арын өрөө “шоуны талбар” гээд хэлчихсэн юм. Байнгын хорооны хурал дээр Эдийн засгийн байнгын хорооны дарга нэгэн түшээ согтуурхаж, хэл нь тультарч, хөл нь тушигдаж байсан явдал ч бий.

УИХ-ын гишүүнд хэн ч халдах боломжгүй, хэмжээлшгүй бүрэн эрхтэй гэдгийг чуулганы танхимаас олонтоо сонсоно. Согтуу гишүүнийг эрүүлжүүлэх, овилгогүй үйлдлийг таслах арга байхгүй учир хурал даргалагч нь “та согтуу байна, гэртээ харьж амар” гэхээс хэтэрдэггүй. Зарим нь даргыгаа загнаж байгаад үг хэлэх далимд орон даяар агсам тавих нь ч энүүхэнд.

Өндөр албан тушаалтнуудын төрийг үл хүндэтгэсэн буруу жишиг яам, агентлаг, орон н у тгийн төрийн байгууллагуудад ч муу үлгэр дуурайл үзүүлж байна. Статистик тоон мэдээллээс 2017 онд эрүүлжүүлэгдсэн иргэдийн 1073 нь төрийн албан хаагч байсан нь яам, агентлагт хийсэн шалгалтаар 115 ширхэг согтууруулах ундаа илэрсэн нь өлхөн явдал гэдгийн нотолгоо.

Нэгжлэг, шалгалт хийгээд байхад л нэгнээ алчих шахсан явдал гарсаар байна. Өнгөрсөн сард гэхэд Мэдээлэл, холбооны сүлжээ төрийн өмчит компанийн хэлтсийн дарга нар ажлын байрандаа архидсаны улмаас нэгийгээ тахир дутуу болгосон хэрэг шалгагдаж байна. Мөн орон нутагт ч хууль сахиулагчид архидан хүний аминд хүрсэн харамсалтай явдал гарсан. Өнгөрсөн хоёрдугаар сард “архигүй орчин гэрэлт ирээдүй” гэх архидалтын эсрэг туг аялуулж асан өвөрхангай аймагт сум дундын прокурорын ажилтнууд болон цагдаагийн алба хаагчид ажлын машиндаа архидан согтуурснаас прокурор залуу амиа алдсан хэрэг бас гарсан. Үүнээс өөр олон нийтэд ил болоогүй нуун дарагдуулсан хэрэг ч олон сонсогдоно.

Энэ мэтчилэн төрийн байгууллага дахь архидалт арилахгүй байна. Ялангуяа баасан гарагийн үдээс хойш төрийн байгууллагын ажилтнууд хэлдгээр “хишиг өдрөө” тэмдэглэхээр хөөрцөглөдөг уламжлал тасрахгүй байна. Тэмдэглэлт өдөр, шагналын хур буусан үед бол төрийн байгууллага тэр чигтээ “найгах” шахдаг сценари үргэлжилсээр.

• Хятадын удирдагч архи бэлэглэсэн нь Төрийн ордонд архидах шалтгаан болсон гэв үү. 

• Согтуу гишүүнийг эрүүлжүүлэх, овилгогүй үйлдлийг таслах арга байхгүй учир хурал даргалагч нь “Та согтуу байна, гэртээ харьж амар” гэхээс хэтэрдэггүй. 

• Төрийн түшээд нь ил цагаандаа гарч Төрийн ордонд архиддагаа зарласаар байгаа үед доогуур албан тушаалтнуудтай хариуцлага ярих ч угтаа шударга ёсонд харшилж байна.

Төрийн түшээд нь ил цагаандаа гарч төрийн ордонд архиддагаа зарласаар байгаа үед доогуур албан тушаалтнуудтай хариуцлага ярих нь угтаа ичмээр ажил юм. “Томчуудаа яаж ч чадахгүй байж ядарсан биднийг эрүүлжүүлэх гэлээ” хэмээн агсагнах хүмүүс олширсоор байгааг цагдаагийн ажилтнууд ярьж, гаргалгаа нэхсээр байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг яг тохирч байх шиг. Уг нь О.Баасанхүү нарын хэдэн гишүүн чуулганы хуралдаанд согтуу ирсэн гишүүнийг эгүүлэн татах заалт бүхий хуулийн төсөл санаачилсан ч дураараа архидах эрх дарх нь хязгаарлагдах гээд байсан гишүүд хүлээж аваагүй юм. Хэрэв тэр хууль батлагдсан бол төрөө хүндэлдэггүй, түмэндээ үлгэрлэдэггүй гишүүнд чангахан даруулга болох байлаа. Одоо ордноороо найгаад, олондоо зарлаад басамжлаад байхад зүгээр хараад суух нь шударга ёсонд харшлаад байна. Адаглаад арын өрөөг нь нэгжиж хураасан лонхтой эдийг нь гаргуулахгүй бол хууль тогтоох байгууллага хуудуу бүхний эхлэл болно. Шилэгдэж сон гогдсоноо ухаараад “шилтэй цэнхэр”-ээс ангиараа татгалзах уриалга дэвшүүлчих ухаантан байна уу, түмнээс сонгогодсон төрийн түшээд ээ. Ядахнаа хариуцлага тооцох механизмгүйг далимдуулан халамцуу даналздагаа боль.

ЗГМ сонин