Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж, үг хэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна.

Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8853
  • Нийслэлээс 3677
  • Хөдөө, орон нутгаас 5090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Бусад улс оронд эхчүүд, хүн амаа өсгөх талаар ямар халамжийн бодлого явуулдаг талаар хэдэн жишээ хэлье.

Одоогийн үнэлэмж бол Алдарт эхийн нэгдүгээр одонт эхэд – 200 мянга, хоёрдугаар одонт эхэд – 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож байгаа нь өнөөгийн ханшаар 100 хүрэхгүй доллар юм.

Бусад улстай харьцуулахад хүүхэдтэй эхэд жилд Австрали улс хамгийн их 3613 ам.доллар, Унгар 765 ам.доллар, Япон 510 ам.доллар, Польш 278 ам.доллар, Грек 135 ам.доллар олгож байна.

Хөрш ОХУ хүүхэд төрүүлсэн эхэд 3 жилийн туршид тэтгэмж олгодог, эхний 5 сар цалингийн 100 хувиар тэтгэмж олгоод цаашид 40 хувиар тооцож тэтгэмжийг боддог бол манайд жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгдог. Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна.

Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдах байх. Бид эхчүүдээ бодитоор үнэлэх, баярлуулах талаар нухацтай бодох цаг болсон байна. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг аваачих талаар Засгийн газар, холбогдох яамд бодлого боловсруулах, шийдэл гаргахыг би дэмжиж ажиллах болно.

Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань Ерөнхийлөгчдөө хандан хүсэл мөрөөдлөө илэрхийлж, тулгамдаж байгаа бэрхшээл, амьдрах орчин, сум орон нутаг, эх орныхоо тухай бичиж, олон мянган захидал, гар зургийг ирүүлсэн. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой.

Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье.

Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.

Баярлалаа” гэлээ.