Олон улсын хүүхдийн баяр хоёрхон хоногийн өмнө болж өнгөрлөө. Энэ баярыг угтаж, дүүрэг болгон хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв. Мөн Нийслэл хотын төв талбайд "Монгол хүүхэд" хүүхдийн баярын арга хэмжээ болсон юм. Зургадугаар сарын нэгэнд талбай дээр түм түжигнэж, бум бужигнав.

Ийн бужигнаан дунд олон хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн аж. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллажээ.

  • Цагдаагийн алба хаагчид
  • Сүхбаатарын талбайд 91,
  • Хүүхдийн паркад 14,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ.

Ингэхдээ 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн өгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн өгөн ажилласан байна. Нөгөөтэйгүүр манайхан баярлах соёлд суралцах болоогүй байгааг өчигдөр төв талбайд болсон арга хэмжээнээс тодоос тод харагдав. 

Тодруулбал, "Хадгаламжтай маамуу" хүүхдийн баярыг Худалдаа хөгжлийн банкаас зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эхний 500 хүүхдэд хадгаламж нээх, шинээр хадгаламж нээлгэсэн харилцагч нарын дундаас 3 хүүхдийг тус бүр 1 сая төгрөгийн хадгаламжаар урамшуулна гэсэн рекламыг хэн хүнгүй үзээд очих сэтгэгдэл төрсөн биз ээ. Гэтэл төв талбайд ирэхэд хашаа татаж хүмүүсийг оруулахгүй оочерлуулсан байлаа. Өчнөөн хүн дугаарлаад урт дараалал үүсгэсэний улмаас дотогш орох гэсэн хүмүүс бухимдаж эхлэх нь тэр. 

 

Дотогш оруулах цаг нь болж хаалгаа онгойлгоход хүмүүс олноороо дайран орохдоо хүүхдүүдийг дайрч унагаасан үйлдэл нь хүүхдийн эрхийн өдөр тэднийг баярлуулах биш уйлуулаад авав. Дотогш орсон хүүхэд бүрт "Бүртгэл" гэсэн асараас гартаа бугуйвч авч зүүх хэрэгтэй гэнэ. Уг бугуйвчтай хүүхэд энэхүү хашаан дотор байгаа бүх зүйлээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болно. Ингэснээр хөнгөж зууш, зайрмаг, ус, нүдний үзлэг, шүдний үзлэг, тоглох эрхтэй. Гэтэл хүмүүсийг хэт олноор нь оруулахгүй гадаа дугаарлуулан зогссоноос болж хөл толгойн олдохгүй баяр болж хувирсан юм. Тайзны өмнөх хэсэгт сандал байршуулсан байхад л хүмүүс олноороо өмнүүр нь ирж зогсоод нөгөө сууж үзэж байгаа нь ямар ч үзэх боломжгүй болов.

 

Тоглоомон дээр нь тоглох гэсэн мөн л маш их хүмүүс дугаарлан зогсжээ. Хүүхдүүд томчуудынхаа хөлд дарагдан газар унаж байсан юм. Багачуудаа тэврээд арай томхон хүүхдүүдийг хөтлөж яваа хэрнээ олон хүүхэд төөрөх нь тэр. Хөтлөгч баярын арга хэмжээгээ нээх гэтэл төөрсөн хүүхдүүдийн мэдээллээр нээв. 

Хөнгөн зууш өгөх хэсэгт шахалдаж, чихэлдсэн улс мөн л бужигнаан үүсгэн, маргалдаж эхлэв. Уг нь арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс маш сайн төлөвлөсөн байсан боловч хүмүүсийг олноор нь хашааны гадна цуглуулсанаас дотор ороод эмх замбараагүй үйл ажиллагаа болж хувирсан. Шууд л хамгаалагч нараа зогсоогоод хаалгаар орж ирэхээр нь тэрхүү үнэгүй үйлчлүүлэх эрх бүхий бугуйвч, стикерээ тараагаад өгсөн бол олон хүн бухимдсан, хүүхдүүд уйлж, төөрөх зэрэг асуудал гарахгүй  байх байлаа.

Эхний 500 хүүхдэд гарын бэлэг өгнө гээд олон нийтэд зарлачихсан.Түүнийгээ авчих гээд хүмүүс дайрч,  эмх замбараагүй үймээн дэгдэв. Түүнчлэн бүртгэлийн хэсэг дээр нь хүүхдүүдийг бүртгэж хадгаламж нээж өгөх нь бүүр замхарсан асуудал болсон юм. Монголчууд минь хэзээ баярлах соёлд суралцах вэ. Бусдыгаа хүндлээд өөрсдийгөө соёл сургаад тайван хүлээцтэй, уужуу ухаанаар юманд хандах ухамсар дутагдаж байна. Бие биенээсээ өрсөөд авчих гэсэн аминчхан үзлээс болж хүүхдүүдээ ч олигтой баярлуулж, нүүрэнд нь инээмсэглэл тодруулж үл чадав.