Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж оюуны хөгжлийг дэмжигч "Хөгжлийн дөл" холбооноос өнөөдөр азай буурлуудаа хүлээн авч уулзлаа.

Тус төрийн бус байгууллага нь жил болгон "Тэнгэрлэг гэр бүл", "Тэнгэрлэг ээж"-үүдийг алдаршуулдаг уламжлалтай билээ. Энэ жил тус холбооноос "Тэнгэрлэг гэр бүл-1, 10 Тэнгэрлэг ээж"-үүддээ шалгаруулж өргөмжлөл, цомыг гардуулсан юм.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь нийгэмд гэр бүлийн асуудлыг дэмжих, зорилтод бүлгүүдэд тулж ажилладагаараа онцлог аж. Уламжлалт болсон уг үйл ажиллагаанаас гадна тус төрийн бус байгууллага нь хорих ангиудад очиж хүмүүжигч нарт зориулан сургалт зохион байгуулдаг юм байна. Тухайлбал, хүмүүжигч нарт ухуулаг хийж таниулан мэдүүлж гэр бүлийн үүрэг хариуцлагыг ойлгуулах үүднээс сургалтаа явуулдаг.

"Хөгжлийн дөл" холбооны тэргүүн Х.Төмөрсүх "Тэнгэрлэг гэр бүл, ээж, аавуудыг шалгаруулахдаа тэдний нийгэмд нэр хүндтэй болон сайн үйлс бүтээсэн хүмүүсийг тодруулдаг юм. Мөн олон үр хүүхэд төрүүлж өсгөн азай буурлуудаа шалгаруулж алдаршуулдаг юм. Жишээлбэл, өнөөдөр манай үйл ажиллагаанд оролцож байгаа С.Хадхүү гуай, Н.Долгор эгч хоёр гэхэд их үлгэр жишээ ч гэр бүл. С.Хадхүү гуайн хувьд 32 жил цусаа өгч олон хүний амь насыг аварсан хүндэт донор хүн. С.Хадхүүг өнгөрсөн онд төр засаг өндрөөр үнэлж "Алтан гадас" одонгоор шагнасан ийм хүндтэй буурай байгаа" хэмээлээ.

Мөн 9 жилийн хугацаанд манай байгууллага 213 дахь тэнгэрлэг гэр бүл, аав, ээжүүдээ шалгаруулсан. Бид жил болгон статистик хийдэг болохоор тоо баримтаа сайн мэддэг гэв.

"Тэнгэрлэг ээж"-ээр өргөмжлөгдсөн 85 настай н.Цээнээхүү "Та бүхэндээ баярлалаа. Монголын сайхан ээжүүд, аавууд, үр хүүхдэдээ сайн сайхныг хүсье. Та бүгд эрүүл энх байж амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. Би нийт 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Одоо үр ач, зээтэйгээ нийлээд 46 гаруй болж өнөр болжээ. Монголын бүх гэр эрүүл энх байж аз жаргалтай яваарай" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

 




























































Х.Даваа