Эдийн засагч Н.Дашзэвэг “Монголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахгүй байгаа юм” хэмээн гадаадын хөрөнгө оруулагчдын талаарх дүгнэлтээ томъёолсон юм. Ингээд та бүхэнд түүний Тавантолгойн нүүрсний ордын талаарх “гаргалгааг” хүргэж байна.

-Тавантолгойн асуудал олон нийтийн анхааралд байсаар байгаа энэ үед аль нэг талыг бариагүй, мэргэжлийн хүмүүсийн энэ талаарх байр суурь чухал байна?

-Юуны түрүүнд Тавантолгой шиг ийм том орд дээр том стратеги хэрэгжүүлэх ёстой. Тэр том стратегийг хэрэгжүүлэгч нь Эрдэнэс Тавантолгой компани, түүний хувьцаа эзэмшигч Засгийн Газар, Ерөнхий сайд. Жижиг Тавантолгойд бол ийм том стратеги хэрэгжүүлэх потенциал байхгүй, тэгээд ч тэд бушуухан шиг нүүрсээ зөөж гаргаад уурхайгаа хаах л бодолтой байгаа байх.

Том стратеги хэрэгжүүлэхийн тулд гадагшаагаа 3 зүйлийг судлах, дотроо 3 зүйлийг сайжруулах ёстой. Гадагшаа судлах зүйл нь гол хэрэглэгч, гол өрсөлдөгч, гол хамтрагч. Дотроо сайжруулах 3 зүйл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, зах зээлд гарах дэд бүтэц, компаний засаглал.

-Гадаад 3 хүчин зүйлээ тодруулбал?

-Гол худалдан авагч урд хөршийн сонирхлыг бид судалж байх ёстой. Тэдний хувьд биднийг нэгтгэх ямар ч сонирхол байхгүй. Монголчуудыг дотор нь хагаралдуулаад, үнийг нь унагаад л байх сонирхолтой. Нэн яаралтай нүүрсээ нэг цонхоор зардаг болмоор байна гэж би олон жил үглэж байгаа. Алсдаа энэ мэхэнд унахгүй тулд урагшаа Гашуунсухайт руу, зүүн тийшээ Бичигт руу төмөр зам тавьж Хятадын нэг хэрэглэгчийн барьцнаас гарах хэрэгтэй. Оросууд бас танай нүүрсийг чинь Хятадын зүүн эрэгт очоод өрсөлдөхүйц байх тарифаар зөөгөөд өгье гээд байгаа. “Монголыг чангалаад байх юм бол ингээд Орос руу гаргачих юм байнаа. Бид тоглолт хийж чадахгүй юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлэх утгаараа энэ шугам бас наймаа хийхэд бидэнд стратегийн ач холбогдолтой байгаа юм. Коксын үйлдвэр барих хэрэгтэй. Солонгос, Япон, Хятадын үйлдвэрүүдэд таарсан коксыг нийлүүлэх чадвартай болсон байхад бид гол худалдан авагчийн сонирхолд хөтлөгдөхгүй.

Гол өрсөлдөгч бол Орос. Анзаарч байх ёстой бусад өрсөлдөгчид бол Австрали, Индонези, АНУ, Канад зэрэг улсууд. Орос дотроо сүүлийн үед маш хүчтэй хоёр өрсөлдөгч бидний яг ар нуруун дээр гарч ирж байгаа нь Якутын нүүрс, Тувагийн нүүрс. Якут бол БАМ (Транссбирийн төмөр замын салаа) уруу 321км төмөр замаар холбогдчихсон ОХУ-ын зүүн эрэг рүү аваачиж зарж байгаа. Тувагийн нүүрс 3000-4000 км хол ч гэсэн Оросууд нүүрсний тээвэр дээрээ татаас өгөөд байх боломжтой. Тувагийн нүүрс манайхаар ороод Мөрөн, Эрдэнэтээр дамжаад Хятад руу гарах боломж бас байгаа. Одоо бид Мөрөн рүү төмөр зам тавих гээд байна.Тавигдчихвал Увсаар дамжаад Тува руу төмөр зам тавихад ойрхон харагдаад байгаа юм. Оросууд бол ингэх сонирхолтой. Энэ маш их эрсдэлтэй. Хэрвээ бид Орост ийм боломж олгочихвол Орос Хятад хоёр бартер хийгээд Монголыг нүүрсний гол зах зээлээс шахаж гаргах бүрэн боломжтой. Хятадын импортын хэрэгцээ нь 30- 40 сая тонн коксжих нүүрс байна. Үүнийг нь дан ганц Монгол бүрэн хангачих боломж байна. Гэтэл ардаас Тувачууд гараад ирлээ. Төмөр замыг Мөрөнгөөс цаашаа явуулах хэрэггүй.

Гол түнш гэж юу яриад байна вэ гэхээр ЭТТ-н хувьд стратегийн хөрөнгө оруулагч татмаар байгаа юм. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь компанийн хувьцааны томоохон хэсгийг авдаг, 10 хувиас дээш эзэмшдэг, урт хугацаанд компанийн ашгийг хардаг тооцоолдог,  мөн өөрөө нэмж зээл өгдөг ч юмуу тусалдаг хүмүүсийг хэлээд байгаа юм. Яагаад гэвэл нүүрс өөрөө үнийн хувьд маш их эрсдэлтэй, нэг өсөөд нэг  буураад байдаг, мөн дээрээс нь өрсөлдөгч ихтэй байна.

 --------------------- Монголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахгүй байгаа юм-------------------------------

-Дотроо сайжруулах 3 зүйлийн тухайд?

-Үйлдвэрлэлийн түвшингээ сайжруулна. Нүүрсийг угааж баяжуулж зарах нь зөв. Төмөр замаар тээвэрлэхэд хэрэггүй хог хаягдал тээвэрлэхгүй, тээврийн зардалд хэмнэлттэй гэсэн үг. Кокс нь нүүрснээсээ 3-5 дахин илүү үнээр зарагддаг тул Солонгос, Япон хүрэх боломжтой, гол хэрэглэгчийн бодлогод баглагдахаас биднийг аварна гэдгийг өмнө хэлсэн. Тийм болохоор нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмөр замуудыг төлөвлөгөөний дагуу барих хэрэгтэй.

Компаниа сайжруулна. Тавантолгой дээр ажиллах компаний засаглал ил тод байх ёстой. Хамгийн итгэл үнэмшилтэй, мэргэжлийн байх хэрэгтэй. Эрдэнэс-Тавантолгой компани дэлхийн хэмжээнд ажиллаад ирэхээр хөрөнгө оруулагч нар ЭТТ-ийн ТУЗ, хяналтын хороо, гүйцэтгэх удирдлагуудын чадавхийг харна. Удирдлагууд дээр нь ямар хүмүүс байдаг юм, ямар чадвартай юм, бүр ярилцлагуудыг нь уншиж ямар бодолтой ямар стратеги баримталдаг хүмүүс байна гэх мэт үзнэ. ТУЗ  бол дэлхийн жишгээр хараат бус байх нь олон. ТУЗ-ын жишээ нь 9 гишүүний 5,6 нь хараат бус байдаг ч юмуу тэгээд тэд нь салбар салбарын шилдэг хүмүүс байх, хувьцаагаар мэргэшсэн хүмүүс байдаг ч юмуу. Тийм бүрэлдэхүүнтэй байвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Тэгээд бас ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал зэргийг тогтмол байлгамаар байна. Нэг сонгууль болоод нам өөрчлөгдөнгүүт өөр даргатай болчихдог тогтолцоо маш хор уршигтай. Сая нэг ажлаа ойлгоод, компаниа ойлгоод, ажилдаа гаршаад ирж байтал сонгууль болоод өөр газар руу шилжүүлчихдэг оронд нь шинэ хүн ирнэ. Нөгөөдөх нь бас мунгинаж байтал 4 жил нь өнгөрчихдөг. Тэгээд дарга нь өөрчлөгдөнгүүт хэлтсийн дарга нар нь бас өөрчлөгдчихдөг. Уг нь удирдлагууд нь олон жил ажилласан бол илүү итгэл үнэмшил төрнө шүү дээ. Монголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахгүй байгаа юм . Нөгөө л улстөрчид нь шахаа их хийдэг, удирдлага нь байнга солигддог, ах дүү нараа тавьдаг тэр бүү хэл нүүрсний квотыг нь хуваагаад авчдаг гээд муу нэртэй.

-Улс төрчдийн хэт хамааралтай удирдлага байгаад гол бурууг тохож ирсэн. Нэг тийм ерөнхий үл итгэх ойлголттой болчихлоо?

-Компанийн мэргэжлийн түвшинд удирдах чадвар л унаж байгаа юм. Стратеги тактикын тоглолтоо мэдэхгүй, салбараа мэдэхгүй, салбарын ирээдүйн хандлагаа мэдэхгүй, өрсөлдөөний нөхцөл байдлаа мэдэхгүй ийм хүмүүс л компанийг  алж байна шүү дээ. Одоо ЭТТ-н хувьд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байхад хувьцаа тараах хэрэггүй л байхгүй юу. Өөрсдийнхөө ашгаар хөрөнгө оруулалтаа хийхэд бид хүү гэж төлөхгүй биз дээ. Компаниа хөл дээр нь бостол, өрсөлдөх чадвартай болох хүртэл нь ногдол ашиг тараах ямар ч хэрэггүй. ЭТТ нь дэлхийн зах зээл дээр маш олон компанитай өрсөлдөж байна шүү дээ. Австрали компаниуд, Оросын, АНУ-ын , Канадын гээд  маш олон компанитай Хятадын, Солонгосын, Японы, Хонконгын зах зээл дээр өрсөлдөж байна. Алсаа сайн хараад зах зээлээ сайн судлаад тэдэнтэй яаж насан туршын холбоо тогтоох вэ гэдгээ анхаарч ажиллах менежмэнт хэрэгтэй.

 

--------------- Санаагаар болдог бол 16 хувийг нь Солонгосд, 16 хувийг нь Японд, 16 хувийг нь Хятадад ч юмуу өгчихвөл харьцахад хялбар-----------------

-Таны хэлээд байгаа эдгээр дотоод гадаад сайжруулалтуудыг яаралтай хийх гаргалгаа нь юу вэ?

-УИХ, ЗГ Эрдэнэс-Тавантолгой дээр олон улсад IPO хийнэ гээд байгаа биз дээ. Энэ IPO-г заавал хийх шаардлагатай. IPO нь хөрөнгө оруулалтыг хангадаг дэлхийн тогтсон механизм юм.  IPO гаргахын тулд ЭТТ-н хувьцааг авах гэж байгаа талуудад оруулсан мөнгө чинь 50 жил 100 жилийн дараа ч байнга өсөж байнаа гэсэн ойлголтыг л өгөх хэрэгтэй.

Тавантолгой дээр хэнийг оруулах вэ гэсэн асуудал олон жил яригдсан даа. Өмнө яригдаж байсанчлан 49 хувийг Хятадад өгчихвөл давуу ч тал бий, сул тал ч бий. Нэг талаар тэд бидний борлуулалтыг хангаж өгөх ч нөгөө талаар бидний нүүрс зарах үнийг бариад байх юм. Үүний эсрэг тактик болгож дангаар Солонгос Японыг оруулмаар байгаа ч Хятад улс биднийг төмөр замын татвараа үе үе нэмэх, төмөр замын квотоор шахдаг ч юмуу асуудлууд гарч ирэх байх. Энэ дээр бас нэг юм байна, Хятад манайхаас сайн чанарын нүүрс авчихаад өөрсдийнхөө тааруу чанартай нүүрстэй холиод цаашаа зардаг юм шиг байгаа юм. Бид ч гэсэн өөрсдийн сайн чанарын коксжих нүүрсээ бусад нүүрстэйгээ хольж зармаар байна.

Санаагаар болдог бол 3 хуваагаад оруулчихмаар байгаа юм. 16 хувийг нь Солонгосд, 16 хувийг нь Японд, 16 хувийг нь Хятадад ч юмуу өгчихвөл бидэнд тэр 3-тай харьцахад хялбар. 49 хувьтай харьцахад хэцүү, их хүнд нөхцөл тавиад байдаг, гурван 16-тай харьцахад харин амар байх юм.

Одоо тэгээд явж явж IPO хийх хувилбар дээр тогтож байна. IPO нь явж явж бүх талуудыг балансыг нь хангаад оруулж ирэх хувилбар болж таарах гээд байна. Тиймээс IPO хийхийн тулд хөрөнгө оруулалтын төслөө маш сайн бичиж, оруулж ирэх талуудтайгаа сайн ажиллах хэрэгтэй. Оруулж ирэх гэж хичээж байгаа талуудынхаа голлож харах эрсдэлүүдийг урьдчилж гаргаад түүнээс гарах арга замаа ч тайлбарласан байх хэрэгтэй.

-Мэргэжлийн хүмүүс нийт улсад, ард түмэнд ийм ашигтай гээд ярьдаг нь олон нийтэд яг хүрч ойлгогдож чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байх шиг. Тавантолгой дээр таны саяны ярьдаг гадаад болон дотоод 3 сайжруулалтуудаа хийгээд, компанийг хамаагүй үр ашигтай ажиллуулаад явахад жишээ нь таны ирээдүй яаж өөрчлөгдөнө гэж харж байна?

-Нэгдүгээрт төсвийн орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт ажлын байр нэмэгдэнэ. Төсвийн орлого нэмэгдэнэ гэдэг нь сургуулийн сурагчдад үдийн цай өгдөг байсан бол одоо үдийн хоол өгөхөөр болж байна. Энэ бол төсвийн орлого нэмэгдсэнтэй холбоотой. Яваандаа гадаад руу явуулж сургадаг болох ч юм билүү. Боловсролын салбар бол төсвийн орлогоор л хөгжинө. Нөгөө талаар компани томрох тусам тэнд ажлын байр нэмэгдэнэ, тэнд бизнесын орчин сайжирна, ханган нийлүүлэгчид олширно. Тэгэхээр улсын компани томорсноор улс орон даяараа л үр шимийг нь хүртэх нь ойлгомжтой.

-Жишээ нь Эрдэнэт бий болсноор манай улсыг хөдөө аж ахуйн орон гэдэг байснаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон гэдэг болсон. Манай улсыннүүр царайг Эрдэнэт үйлдвэр бүрэн өөрчилсөн байдаг. Гэтэл Тавантолгой баялгаараа Эрдэнэтээс хамаагүй том. Тэгэхээр Тавантолгойг хөдөлгөснөөр Монгол улсын нүүр царай хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Өөрчлөгдөлгүй яахав. Тавантолгойг дагасан бүх бизнесүүд дагаад хөгжинө. Бололцоотой бүх юмаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Улс тэр чигээрээ л хөгжинө

-Тавантолгойг хөдөлгөж чадсан Ерөнхий сайд түүхэнд нэрээ үлдээх том ажил биз?

-Тэгэхийг хэн байг гэх вэ. Тавантолгой чинь Эрдэнэтээс ч том биз дээ. Тавантолгойн кластер гэж хөгжүүлээд бүсчлэн аймгуудаа хөгжүүлж болно. Асар хүчирхэг Тавантолгой компани “Зүүн бүсийн гурван аймгаас бид ийм төрлийн бизнесийг урт хугацаанд дэмжиж, хэрэгцээндээ худалдан авч ажиллана” гэж зарлана гээд төсөөл дөө. Тэгэнгүүт хотын компаниуд тэр аймагт салбараа нээнэ. Тэр аймагт ажлын байр нэмэгдэнэ. Тэнд мөнгө эргэлддэг болно. Урт хугацааны 40, 50 жилийн гэрээ хийнэ.

-Японд Toyoto-г дагаад муж бүрт жижиг жижиг үйлдвэрүүд байдаг шиг л ойрын үед Тавантолгойг дагаад Монголын аймаг бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих юм байна гэж ойлголоо. Н.Алтанхуяг ерөнхий сайдын хувьд мянганы замуудыг гүйцээж, холбосон ажил нь нэрийн хуудас болж байдаг шиг Хүрэлсүхийн Засгийн газрын үед нэрийн хуудас болохуйц ажил нь Газрын тос боловсруулах үйлдвэр юмуу Тавантолгойн IPO болно гэж ярьж байгаа юм. Гэхдээ энэ нь  цаг хугацааны хувьд амжих болов уу?

-Нэг жилийн хугацаа байхад амжих боломж бол байна. Яахав жаахан хоцорч л байна л даа. IPO-г бол хурдан ч хийхгүй л дээ. Бүр жилийн өмнөөс л сурталчилгаагаа хийгээд явдаг. Гэхдээ манай Тавантолгойг сонирхож байгаа стратегийн хөрөнгө оруулагчид байж л байгаа. Бид чинь хэдэн жилийн өмнөөс л Орос, Хятадыг оруулж ирнэ гэж тоглоол дахин дахин тендер зарлаад буцаагаад байсан биз. Одоо хурдлуулахгүй бол бид их цаг алдаж байна. Якут, Тувад асар том коксжих нүүрсний үйлдвэр зах зээл дээр гарч ирэх гээд байна. Якут 30 сая, Тува 30 сая гаргаад ирэхэд бид яах болж байна. Хятад Орос хоёр нийлээд бартер хийчихэд л бид шахагдаж гарах гээд байна. Хятадын хувьд бол аварга үндэстэн учраас Монгол дээр тоглолт хийгээд байна. Яваандаа уусгах, эдийн засгийн хувьд хараат болгох сонирхолтой байна шүү дээ. Бид үүнийг нь мэдэж, давж тоглодог хар хайрцагны бодлоготой л байх хэрэгтэй.

-Хар хайрцагны бодлогод эр зориг хэрэгтэй биз?

-Эр зоригоос гадна ухаан хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

М.Чимэг