Хар тамхи гэдэг зөвхөн барууны кинонд гардаг л гэж боддог цаг хэдийнээ ард хоцорч, цагаан тахалыг Монголыг нөмөрчихөөд байна. Өдгөө жирийн иргэнээсээ эхлээд улсын нэр төрийг өндөрт өргөх ёстой дипломатч нар нь хүртэл цагаан тахал буюу хар тамхины хэрэгт ороогдож харь нутагт эх орноо шаварт хутгаад тууж явна. Уг нь энэхүү тахалтай улс орнууд хүчтэй тэмцэж байгаа гэтэл манай улсын иргэд хэрэггүй "эд"-ээр оролдож их мөнгөний үнэрээр амиа золихоос гадна тусгаар тогтносон улсынхаа нэрийг "баастаж" яваа нь харамсалтай. "Нэр хугарахаар яс хугар" гэдэг дээ манай улсын нэр хүнд үнсэнд хаясан хувалз шиг болчихлоо хэмээн олон хүн халаглаж сууна.

Туркийн Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг герион албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хил, гаалийнханд өнгөрсөн сарын 3-нд баригдав. Эл хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ГХЯ хэрэг гарсан даруйд мэдээллийг Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чанадад монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, саатуулагдсан тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцын дагуу бидэнд мэдэгддэг юм” гэсэн. Манай улсын 180 орчим иргэн гадаадад ял эдэлж байгаагийн 53 нь хар тамхи зөөж тээвэрлэсэн хэрэгт холбогджээ. ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсны дагуу ТЕГ, ГХЯ хамтран ажиллаж, шалгаж байгаа. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан. Монгол Улс Германтай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй тул уг хэрэг тус улсын хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Дипломат дугаартай машин бол Б.Баттүшигийн хувийн машин байсан. Тэгэхээр энэ машинаар хэрэг үйлдсэн байж болзошгүй. Тэгэхээр үүнийг сайн судална. Яагаад ийм машинд дипломат дугаар олгосон. Турк улсад үүрэг гүйцэтгэж байсан хоёр жолооч яагаад Герман улсад явж байсан, их хэмжээний хар тамхийг хаанаас олж авсан бэ гэдгийг шалгаж судалж эхэлсэн байгаа. Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Тэгээд гадаад харилцааны шугамаар гадагшаа албанд томилогдсон. Тэд томилогдож очоод гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал яах аргагүй татаж байна" гэв. Ийн Монгол улсын тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн хар тамхины хэрэгт холбогдсон нь олны итгэлийг алдрахад хүргэж болзошгүй юм.

Үүнээс гадна манай улсын иргэд шуудан ашиглаж хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх тохиодолд буурахгүй байгаа ажээ.  Тухайлбал,  Польш , Франц, Япон, Солонгос, Чех, Герман зэрэг дэлхийн 13 орноос ирдэг гэдгийг албаны хүн хэлэв. Өнгөрсөн онд гаалийнхан нийтдээ хар тамхийг хууль бусаар оруулж ирэхийг завдсан 18 үйлдлийг илрүүлсэн байдаг.   Улсын хэмжээнд өнгөрөгч 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 хүн уг гэмт хэргийг үйлджээ. Насны байдлаар авч үзвэл  82,5 хувь нь 18-35 насны залуучууд.

Хар тамхитай холбогдсон этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байсан юм. Гэвч 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн най­руул­гаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийнх нь хэмжээ багассан явдалтай холбоотой аж. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болжээ.  Харин харь оронд хар тамхины хэрэгт холбогдсон бол хатуу шийтгэл оноодог. Зөөж, тээвэрлэж яваад баригдвал урд хөршид бүх насаараа хоригдох ялыг сонссон цөөнгүй тохиолдол бий. Тухайлбал, 50 гр-аас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор оруулж ирсэн бол цаазаар авах ял ногдуулдаг. Гэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хүнд уруу татагдсан, хууртагдсан, эсвэл завдсан ч гэдэг юм уу, тэр утгаар нь ялгавартай ханддаг байна.

Улсын нэрийг баастаж "буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ" гэдэг үгийг дипломатч нарт сануулъя. Тэдний эл хэргээр дипломатчдын нэр хүндийг унагасан хэрэг дуусгавар болоосой гэж найдаж байна. Уг нь үүнээс өмнө хэд хэдэн дипломатч нар цагаан тахалтай ороогдож явсан. Тэдний буруу үйлдлээс сургамж авч чадаагүй тэдэнд хатуу ял оноох биз. Учир нь манай улс Германтай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй юм. Тэгэхээр хаацайглагдаж ял завших боломжгүй гэсэн үг. Герман улсын хувьд Хар тамхитай холбоотой буюу тээвэрлэж явсан хэрэгт хуулиараа 2-15 жилийн хорих ял оноодог байна. Тэгэхээр тэд хэдэн жилийн ял сонсох нь Герман улсын хуулийн байгууллагын шийдийг хараад суух үлдлээ. Нөгөөтэйгүүр, Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхтэй хэрэглэгч орон болсон нь цагаан тахалд бүхэлдээ нөмрөгдөх аюултай тулгарч буйг илтгэнэ.