Орхон аймаг сүүлийн жилүүдэд элэгний хавдраар Монгол улсын хэмжээнд тэргүүлэх болсонтой холбогдуулан хавдрын тархалтыг багасгах, ирээдүйд гарах хүндрэлийг бууруулахад анхаарал хандуулж эхэллээ. Хавдар судлалын үндэсний төв, “Эрдэнэтийн эмч” ТББ-тай хамтран сайн санаачилга хэрэгжүүлж, В вирустэй иргэдэд туслах ажил өрнүүлж байна. Тэд эхний ээлжинд “Медипас” эмнэлгийг түшиглэн, Эрдэнэт үйлдвэрийн өвчлөл бүхий 100 гаруй ажилтанд элэгний В вирусын эсрэг хоёр сарын хэрэглээний эмийг үнэ төлбөргүй олгох юм. Ингэхдээ тухайн өвчтөнийг элэгний эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд эм уулгахаар шийдвэрлэжээ. Элэгний В вирустэй хамгийн сайн тэмцсэн улсаар Тайвань улсыг нэрлэдэг бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн чанартай эмийг Хавдар судлалын үндэсний төв олгосон байна. Одоогоор дэлхий нийтэд В вирусээр өвчлөгсдийг бүрэн төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй тул насан туршдаа болон тодорхой хугацаанд эм уух зайлшгүй шаардлагатай аж. Иймд ирээдүйд үүсэж болох эрүүл мэнд, гэр бүлийн стресс, санхүүгийн асуудалдаа одооноос анхаарч, эмийн зохистой хэрэглээгээр өвчнөө илааршуулахыг эмч нар зөвлөлөө.
   “Эрдэнэтийн эмч” ТББ-аас төсөл боловсруулж, аймгийн Эрүүл мэндийн газарт хүсэлт тавьжээ. “Энэ төсөл маань дэмжигдсэнээр ирэх наймдугаар сараас Орхон аймгийн иргэд вирусын эсрэг эмээр хангагдах юм. Орон нутгийн эмч нартаа чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ нийтийг хамарсан ажлуудад ч идэвх санаачилгатай оролцоно” гэдгээ төрийн бус байгууллагын тэргүүн З.Сонор хэлсэн үгэндээ онцолсон. Тэд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарыг багаар нь урьж, элэгний хавдар дээр хийгдэж байгаа судас боох болон элгэн дэх хавдрыг түлэх эмчилгээг орон нутагтаа хийлгэхээр зорьж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс