АН 2012-2016 онд УИХ-д олон суудалтай байж, нэр бүхий нам, эвслүүдтэй хамтран Засгийн эрх барьж байсан билээ. Энэ үед Монголбанкийг удирдаж байсан Н.Золжаргал гэгч нь мөнгөний бодлогодоо алдаа гаргаж, гадаад валюттэй харьцах Монгол төгрөгийн ханшийг үлэмж хэмжээгээр унагасан юм.

Үүнээс иргэдийн худалдан авах чадвар буурах, цалин нь хэрэглээндээ хүрэхээ больсон зэрэг бүхий л бэрхшээл үүдэлтэй. "Үхрийн сүүлэн дээр хутга" гэгчээр АН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд иргэдийн саналыг авахын тулд "Сайн хувьцаа" гэгчийг санаачлан, "ЭрдэнэсТавантолгой" компаний хувьцааг худалдан авах нэрээр 300 000 төгрөгийг хавтгайруулан тарааснаар, валютын ханшийг хяналтаасаа алдсан юм. Уг "Сайн хувьцаа" нэрээр тараасан мөнгө нь 2016 оны улсын төсөвт суугаагүй хууль бус үйлдэл байсан нь ч нууц биш.

 

Тэгвэл эрх баригч МАН-ынхан АН-ын уг алдааг давтаж магадгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.

 

Өчигдөр  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Ундармаа нар Монголбанкийг мөнгө нийлүүлэхийг шахаж байв.Ингэснээр ямар ч байсан төгрөгийн ханшийг түр зуур ч болтугай тогтворжуулна гэж үзэж буй бололтой.

Хамгийн харамсалтай нь энэ нь түр зуурын хуурамч аргацаалт болох нь гарцаагүй бөгөөд ердөө л төгрөгийн ханшийг түүхэнд байгаагүйгээр өсгөж, хяналтаасаа алдсан АН-ын алдааг тэр чигээр нь давтана.

Монгол улс 2020-2024 онд төр болон хувийн хэвшлийн нийт 13.3 тэрбум ам.долларын гадаад өр төлбөрийг барагдуулах ёстой.

Э.Мягмар

sonin.mn