Бидний ямархан амьдарч байгааг нэгхэн шөнийн салхи, хугас өдрийн бороо шалгачихлаа.

Хэдэн өдөр хэл амны бай болсон шар хашлага салхинд унаж, түүнийг хариуцсан дарга нарын ажлыг бэлхнээ илтгэв. Тэрбум шахсан төгрөгөөр хилийн цаанаас авсан хашлагаа  “чанартай, найдвартай” гэдэг тайлбар хийхээр нь байгаль дэлхий “Худалаа хэл” гэсэн шиг хуйгаар нь хийсгэв. Ингээд төрийн худалдан авалт нэрээр ямархан ажил хийдгийг нь тодхон харуулав. Зарим барилга, дэд бүтцийн ажил хийдэг хувийн аж ахуйн нэгжүүд үнийг нь хүртэл тооцоолоод худалдан авсан төсөвт өртөгөөс нь даруй дөрөв дахин бага болохыг ч гаргасан. Харин салхинд унах тухайд “Суурилиулаагүй байсан” гэдэг зөвтгөлөө цахим мэдээллээр урсгав. Суурилиулах ажилд нь 36 саяыг мөн төсөвлөсөн тухай мэдээлэл ч энэ дагуу хөврөв. Үүнээс улбаалаад үргэлжлүүлэхэд, “Үндэсний үйлдвэрлэл, дотоодын аж ахуйн нэгжийг төрийн худалдан авалтаар дэмжих” гэдэг зүйл манайд байхгүйг харуулж байна. Уг нь манай улс төрчид, дарга нарын амнаас түүн шиг их гардаг үг байхгүйсэн. Тэр байтугай энэ жилийг “Эх оронч худалдан авалтын жил” гэж зарласан. Энэ тухай  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон. Гэтэл нэдэр дээрээ энэ зэргийн худалдан авалтдаа гаднаас хийж, валют урсгасаар байна. Ийм байхад дотоодын үйлдвэрүүд нь сул зогсож,  төлбөрийн тэнцэл алдагдалтай байж, төгрөгийн ханш сулрах нь зүйн хэрэг. Юм багаасаа л эхэлдэг.

Салхинд бас нэг чанараа шалгуулсан зүйл нь барилга. Баригдаж буй барилгын дээрээс төмөр, гэрлийн шон унаж, айлын цонх нурж, зарим орон сууцны өнгөлгөө хуйлрав. Ямар сайндаа л “Цаасаар байшин барьжээ” гэсэн хошигнол цахим ертөнцөд түгэх вэ дээ. Агаар, орчны бохирдол, нийслэл дэх хүн амын нягтширлаас үүдэн төрийн бодлого ч, түмний хүсэл ч тэр орон сууц болсон. Энэ хүслийнхээ дагуу хүртээмж муутай найман хувийн ипотект алалцаж, азтай нь авч, азгүй нь 10 гаруй хувь рүү “нисэж” байж, насаараа төлөх өртэй орон сууцанд орж байгаа. Нөгөө талаасаа төрийн бодлого гэх нэрийдлээр өчнөөн барилгын зөвшөөрөл өгч, нар үзэх зайгүй чигжсэн их орон сууцтай. Сул орон сууцаа дүүргэх, иргэдийн хүслээ хангаагүй хэрнээ гаднын улсаас хөнгөлөлттэй олсон зээлээрээ нэмж орон сууц бариад байгаа төрийн бодлогыг яалтай.  Тэр нь тэгээд нэг шөнийн салхинд тэсэхгүйг нь яана.

Дэнжийн мянгад БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 1008 айлын орон сууцыг түрээ­сийн зориулалтаар барих гэж байна. Энэ байрыг сонгуулийн өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байгаа. Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь түрээсийн орон сууцанд зарцуулна.

Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан

Байгалийн шалгалтад унасан замын түүх ч бүр улиг болжээ. Чихэнд дассан тул сонсоод сортосхийхээ ч байсан бололтой. Ямартай ч уламжлал ёсоороо амралтын өдрүүдийн бороонд манай замууд урсах нь урсаж, усаар дүүрэх нь дүүрч, жолооч, цагдаа нарын зовлон болж байна. Зам хийгч, шалгагч, хийлгүүлэгчдэд ч энэ ямар хамаатай биш. Одоогоор Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн авто замын 100 км,117 км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсжээ. Мөн Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын 107 км 800 м, 116-123 км-ийн хооронд хэсэгчилэн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн байгаа аж.  Урт хавар дуусаж, удтал хүлээсэн зуны эхний бороо бидний амьдрах орчин хийгээд, ажлыг шалгахад ийм байна.

www.Eagle.mn