Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар хамтран энэ сарын 17-оос  “Яараад яах вэ” аяныг зарлаад байна. Аян жолооч нарыг аюулгүй байдлаа ханган, тээврийн хэрэгсэл жолоодох дадал олгоход чиглэнэ.

 

Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхжиж, орон нутгийн замд гардаг ослын тоо ч өсдөг аж. Ихэнх осол яарч зорьсон газраа хүрэхийг зорьдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, хурд хэтрүүлж давхидаг нь өөрийгөө төдийгүй гэр бүлийнхнийхээ амь насыг эрсдэлд оруулдаг.

 

Мөн осолд өртсөн нийт авто машины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Наад зах нь дугуй нь халзарсан байдаг нь тоормоз гишгэхэд тэр даруй зогсдоггүй зэрэг эрсдэл үүсгэдэг аж.

 

Иймээс тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явах нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга юм гэдгийг сурталчилж, ойлгуулахад энэхүү аяны зорилго оршиж байна.  Аян ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.