-МОНГОЛЧУУДАА 20-ИОД САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРУУЛЧИХААД БОНДЫН ХӨРӨНГӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ЗАРЛАГАДААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ТАНД БАЙХГҮЙ- 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ он гарсны дараахан буюу нэгдүгээр сарын 4-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Чингис” бондын хүүгийн өр маш өндөр тооцогдож байгаа талаар болгоомжлол төрүүлж буй мэдээллийг ямар зорилгоор гаргаж буй мэдэхгүй юм. Энэ талаар Монголбанк холбогдох газ­руудтай хамтран ажиллаж байгаа. Энэ бондын хувьд Монголбанкинд менеж­мен­тийг нь өгчихсөн. Монголбанк 2,7 тэрбум ам.дол­ларын нөөцтэй. Дээр нь 1,5 тэрбум ам.долларыг нэмэхээр 4,2 тэрбум ам.дол­ларын нөөцийн менеж­мент хийнэ гэсэн үг. Төсөл бэлэн боллоо гэхэд төв банк гаргаад л өгчихнө. Тиймээс өчнөөн тэрбум ам.долларын өрөнд орж байна гэдэг худлаа. Тэр бүү хэл тодорхой төслүүд бэлэн болсон” хэмээн мэдэгдэж байсан.

 

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 6-наас эхлэн “Чингис” бондын хүү тооцогдож эхэлсэн. Жилд 70 сая орчим ам.долларын хүү төлөх ёстой гэж тооцвол он гарснаас хойш бүтэн нэг улирал өнгөрчихөөд байна. Тэгвэл бид энэ хугацаанд 20-иод сая ам.долларын хүүгийн өрөнд уначихаад байгаа гэсэн үг. Өртэй холбоотой асуудал хаалттай биш нээлттэй байх ёстой. Өрийг төлөхдөө иргэдийн халааснаас л гаргадаг учраас хэнд өртэй байгаагаа, өдөрт хэдийг төлөх гэж буйгаа мэдэж байх ёстой.

Санхүүгийн зах зээл бол маш хатуу дүрэмтэй. Бондоор босгосон мөнгөө буцаан төлөхгүй байж магадгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжлоод байгаагийн дэргэд Монголын Засгийн газрын нэр хүнд сайн байна, Шинэчлэлийн Засгийн газар ажлаа сайн хийж байна гэх мэт жижүүрийн үгс ямар ч үнэ цэнгүй болчихлоо. Газар доорхи баялаг ихтэй орон болохоор хөрөнгө оруулагчид хошуурч “Чингис” бонд эрэлт ихтэй байсан. Мөнгөн дүнгээс арав дахин их хэмжээний захиалгад дарагдсан энэ бондын барьцаанд байгалийн баялаг маань яваа гэдгийг бид мартах учиргүй. Бондын өдөр бүрийн хүүнээс гадна 2017 онд таван сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлнө. Энэ хооронд магадгүй гурван Засгийн газар солигдож болно. Гэлээ ч бондын хөрөнгийн зарцуулалт, хяналт, төлбөрийн эргэн төлөлтөд үе үеийн Засгийн газар, эрх баригчид хариуцлага хүлээх л болно. Ард түмнээ барьцаалж зээл авчихаад ямар ч эргэлтэд оруулахгүйгээр гурван сар хав дарж, хий дэмий хүү төлж суух эрх энэ Засгийн газарт, Ерөнхий сайд Н.Алтанхуягт байхгүй л баймаар.

 

Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 1,5 тэрбум ам.долларын зээл авсан. Зээлээр авсан л бол өрөө төлж л таарна. Зээл болохоор мэдээж хүүтэй байж таарна. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан цагаасаа юу хийж, ямар гавьяа байгуулсныг санах гээд оролдоод үзье. Их эзэн хаанаараа нэрлэсэн асар их зээлээ “Чингис” гэж нэрлэн, том том бүтээн байгуулалтад зарцуулна гэж амласан амлалт л санаанд бууж байна. Ямар ч бүтээн байгуулалтын ажил эхлээгүй, яриа хэлцлийн шатандаа яваа. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй ойр ойрхон уулзаж, ийм юм хийхээр ярьж байна, тийм ч, ийм ч том бүтээн байгуулалт хийх гэж байна гэж ярьсаар бараг жилийн нүүр үзэх нь. Эхэлсэн ажил харин ганц ч алга. Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмжөөр бол 1,5 тэрбум ам.долларыг манай жижигхэн зах зээл шингээж дийлэхгүй тул бодолтой байх хэрэгтэй юм гэсэн. Хамгийн гол нь өндөр хүүтэй мөнгө тул хурдхан шиг эргэлттэй зүйл зарцуулах хэрэгтэй гэдгийг ч зөвлөсөн. Харин манай Засгийн газар, гүйцэтгэх засаглалын тэргүүн тоож байгаа юм өчүүхэн ч алга. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдаад гурван жилийн нүүрийг үзэж байна.  Ганц ярьж байгаа юм нь төмөр зам барих. Гурван жил ярьсан. Одоо ч ярьсаар л байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  хамгийн сүүлд буюу өнгөрөгч долоо хоногт бас л сэтгүүлчидтэй уулзсан. Уулзалтынхаа үеэр сэтгүүлчдийн хамгийн их сонирхдог асуултуудад тодорхой хариулт өгч чадаагүй. Ерөнхийдөө шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны шалтгааныг олон нийт ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ерөнхийлөгч ч энэ талаар сануулж, “Хийж байгаа ажлаа сайн тайлбарлаж, таниулахгүй бол шүүмжлүүлсээр л байна” гэж байсан. Ерөнхий сайд маань тайлбарлаж таниулах ажлаа илүү сайн хийгээд жинхэнэ бодит ажил хэрэг болгохоо мартчихаад байгаа бололтой юм.  Ерөнхий сайд уг нь хэвлэлийнхэнтэй уулзах бүртээ “Бид энэ хугацаанд ийм бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлчихлээ, асуудлыг ингэж шийдлээ” гэхээ байг гэхэд тодорхой асуултуудад нь хариулт өгч чадахуйц байх ёстой. Ерөнхийдөө Засгийн газар “шинэчлэлийн” гэх нэр зүүснээс өөрөөр гавьтай, гавьяатай ажил юу ч хийсэнгүй.

Хамгийн наад зах нь “Эрдэнэс Тавантолгой” болон “Чалко”-гийн хооронд байгуулсан гэрээг Монгол Улсад ашиггүй байгаа учраас цуцална, нөхөн төлбөрт шаардагдах 50 сая ам.долларыг Чингис бондоос төлөх боломжтой гэж хэлснээсээ буцав. Дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол болохоо больсон юм байх. Энэ бол наад захын асуудал. “Чингис” бонд бол манай улсын хувьд эхнийх ч биш, бас эцсийнх ч биш. Бондын мөнгө орж ирээд гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад ганц ч ажил хийгдээгүй л байна. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдээс дөнгөж дөрөвхөн нь тодорхой болж байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш сонсогдож байгаа эхний тоймтой ажил нь гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээв. Сэтгүүлчидтэй ойр ойрхон уулзаж, Засгийн газраа, бас өөрийгөө “рекламдахаас” өөр юу ч хийсэнгүй. Уг нь бол гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа хамгийн “ажилсаг” байх ёстой хүн л дээ. 

 

Б.Оюунгэрэл