Энд тэндхийн том тоглолт, шоунд оролцоод байдаггүй ч Youtube, цахим орчинд өндөр хандалттай, өсвөр үеийнхний сонсох дуртай хамтлаг, дуучдын талаарх мэдээллийг хүргэе.


NMN- М.НОМИН-ЭРДЭНЭ

Монголын хип хоп урлагт цоо шинэ өнгө төрх, аялгуу болж, хөгжмийн ертөнцийг өнгөлж буй эмэгтэй репперүүдийн нэг бол NMN. Түүний “Цахилбаа”, “Хэвээрээ”, “Баяртай” зэрэг дуунууд нь орчин үеийн залуусын сонсох дуртай дууны нэг. Поп болон хип хоп урсгалаар дуулдаг дуучин NMN өөрийгөө реппер гэж хэлүүлэх тийм ч дуртай биш. Учир нь тэрбээр сүүлийн үед поп жанрын дуу дуулах болсон юм.

Реппер N.M.N 2014 онд “М Галакси студи”-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төслийн ялагчаар тодорсон мөчөөс олны хараанд өртөх болсон. Уг төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлч өрсөлдсөн юм. Реппер бүсгүй алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг Хонконгоор аялангаа үзэх эрхээр шагнуулж байсан удаатай. Түүний бүсгүйн тоглосон “Од ба гэгээ” уран сайхны кино энэ оны гуравдугаар сарын 29-нд бүх кино театруудад нээлтээ хийж байв. Найруулагч, продюсер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюсер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “Од ба гэгээ” кино өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч, нээлтээ хийсэн билээ. Мөн 2018 ондоо “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч, Монголын үзэгчдэд анх хүрсэн байдаг.Уянгын мюзикл жанрын киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм. Тэд хамтран “Од ба гэгээ” киноны “Сүүлчийнх биш” дуугаа дуулжээ.

"THE WASSABIES"

Б.Наранзуны продюсерлодог “The Wassabies” охидын хамтлагийн дуунууд цахим орчинд Индонез, Малайз, Хятадад өндөр хандалт авдаг. Оддын академиас төрөн гарсан гэдгээр нь өсвөр үеийнхэн андахгүй.

Ангелина, Буяндулам, Анужин, Аминхүслэн, Энхгэрэл гэсэн таван гишүүнтэй.

Азийн онлайн орчинд Монгол Улсаа сурталчлан таниулах зорилготой энэ хамтлагийн “Үгүй” дуу“Asian intertainment”- ын долдугаар сарын жагсаалтад 20-т жагссан юм. Тус дуу үндэсний шилдэг 20 дуунаас 8-т багтаж байв. Энэ хамтлагийн анхны цомог “Girl Generation” нэртэйгээр гарч байлаа.

Тэд энэ оны хоёрдугаар сард “Шарк Танк” нэвтрүүлэгт орж MCS компанийн дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин, “Петровис” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нараас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан билээ.

“The Wassabies” хоёр сарын өмнө цомгийн баяраа хийсэн юм.

"VANDEBO"

Анх гарч ирэхээсээ л клипгүй дуунууд ч хүмүүст хүрч чадахыг баталсан хамтлаг. "Vandebo"-гийн тоглолт 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр Дархан хотод болсон юм. Дархан хотод “Tuimer 50”-аар эхэлсэн тэдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод байсан сонсогчид нь “Дархан явж үзье”, “UB-д тоглолтоо хийл дээ” гэсэн сэтгэгдлээр “булж”, тоглолтыг нь тэсч ядан хүлээж байсан билээ. Мэдээж хэрэг тэд сонсогчдынхоо урмыг хугалаагүй. Дархан дахь тоглолтоо дуусгаад тэр сарынхаа 28-ны өдөр Улаанбаатар хотод тоглолтоо хийж байв. Van­debo тэр үед анхны клипээ ч цацаж амжаагүй байлаа. Тэд “Munkhud21” цомгоо 2018 оны арванхоёдугаар сарын 8-ны өдөр нээж байсан бол цомгийнх нь биет хувилбар тэр өдрөө зарагдаад дууссан юм. Анхны цомгоо өлгийдөн аваад удалгүй, ердөө гурван сарын дараа нийт 15 дуутай хоёр дахь цомгоо гаргаж байв. Тус хамтлагийн “Мангар том зүрх” тавхан минутад бүтсэн, хоёр сая хандалттай гэсэн рекордтой. Өсвөн үеийнхийг “шууруулсан” энэ дуу энэ оны хоёрдугаар сарын 14-ий өдөр буюу гэгээн хайрын баяраар хоёр сая хандалт авчээ. “18 Sav­age” гэсэн дуу нь гарснаас хойш "Vandebo" хамтлагийн нэр хүнд огцом өсч олон шинэ дуу гаргасан гэж фэнүүд нь ярьдаг. Гэвч тэдний гаргаж буй шинэ дуунуудаас хуучны дуунууд нь илүү их хандалт авсаар байгаа. Хамтлагийн гишүүн Ш.Энхжамц ШУТИС- ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн системийн аюулгүй байдлын ангид суралцдаг. Нөгөө гишүүн нь болох Б.Эрдэнэболд ШУТИС-ийн Механик,тээврийн сургуульд механикийн инженер мэргэжлээр суралцаж байна. "Vandebo" гэсэн нэрийг хамтлагаараа ярьж байгаад өгчээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеүдийг авснаар “ВАНДЭ” гэсэн үг бүтжээ. Харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “ЭБО” гэсэн үе бүтээсэн байна. “ВАНДЭБО” гэсэн нэр ийм учиртай аж.

AMС:ЭНХ-АМАР

"25 дугаар суваг" телевизийн бүтээл "Making The Band" нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлагийн нэг бол "Mixx" хамтлаг. Гурван эмэгтэй гурван эрэгтэй гишүүнтэйгээр анх байгуулагдаж байсан тус хамтлагийнхан шоунаас төрөн гарсан хамтлагуудаас хамгийн өвөрмөц нь. Гэхдээ тэд өнөөдөр тус тусдаа уран бүтээлээ хийж эхэлсэн. Хамтлагийн гишүүн Энх-Амар нэрээ солин АМС гэдэг нэрээр уран бүтээлээ туурвиад удаагүй байгаа. Түүний уран бүтээлүүд шинэ өнгө төрх, хэмнэлийг залууст мэдрүүлэхийг зорьдог. Түүний тоглосон эхний кино “Гацуурхан-2”.Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ‘Making the band’ шоунд орсондоо баярладаг. Тус шоунд ороогүй бол өдийд дуулаад явж байх эсэхээ мэдэхгүй байна. Намайг задалж нээж өгсөн гэж боддог. Шоунд орохоосоо өмнө дуу дуулах, дуу хэрхэн бүтдэг зэргийг мэддэггүй байлаа. Шоуны үед уран бүтээл дээр ажиллах багахан ч болов туршлагатай болсон” хэмээн ярьж байсан юм.

THUNDER- Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ

 

Үзэл бодлоо нийгэмд урлагаар дамжуулан илэрхийлдэг Б.Өлзий-Учрал “Thunder”гэх нэрээрээ өсвөр үеийнхэнд танигдсан. Анх Rap Dembee-гээс арга барилаа олсон тэрээр одоо 24 настай.Thunder-ийн хамгийн сүүлд гаргасан "Байгаагаар минь хүлээж авах уу" дуу хандалтаараа тэргүүлсэн дуунуудын нэг. Тэр саяхан өөрийн цахим хуудаснаа Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй "Зөв тусгал" хүүхдийн аянд нэгдэж, тус аяны дууг дуулснаа зарласан юм.

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Б.АМИНА