Өглөөний автобус эрт хөдөлж, оройн үйлчилгээг сунгана
43 минутын өмнө

Нийслэлд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор автобусны тоог нэмэгдүүлэхээс гадна өглөө, оройн үйлчилгэний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын тээврийн эдийн засагч О.Хонгорзулын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 129 чиглэлд 1176 тээврийн хэрэгсэл өдөр бүр үйлчилж, 650 мянга гаруй зорчилт хийгдэж байгаа аж.
Есдүгээр сараас зорчигчдын урсгал нэмэгддэгтэй холбоотойгоор энэ сараас нийтийн тээврийн үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн байна. Цаашид бүртгэлийн санд байгаа тээврийн хэрэгслүүдийг 100 хувь үйлчилгээнд гаргаж, зорчигчдын эрэлт, урсгалд нийцүүлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн өглөө, оройн оргил ачааллын үеэр автобус удаан хүлээлгэх, түгжрэлээс шалтгаалан автобуснууд нэг талдаа бөөгнөрөх асуудлыг бууруулахын тулд цагийн хуваарьт зохицуулалт хийх юм байна.
М1-М6 үндсэн магистраль чиглэлүүдэд өмнө нь бүх автобус хоёр эцсийн зогсоолоос хөдөлдөг байсан бол зорчигчдын эрэлт, урсгалд үндэслэн бусад зогсоолоос хөдөлгөх зохицуулалтыг туршиж байгаа аж. Ингэснээр зорчигчдын эрэлт ихтэй хэсэгт автобусыг илүү оновчтой хуваарилах боломжтой болох юм.
Өвлийн цагийн хуваарьт шилжих болон ажлын цаг урагшилж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн өглөөний үйлчилгээг эхлүүлэх цагийг урагшлуулж, оройн үйлчилгээг дуусгах цагийг хойшлуулахын зэрэгцээ шөнийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор автобусны дундаж хүлээлгийн хугацаа 11 минут орчим байгаа бөгөөд түгжрэлээс шалтгаалсан хүлээлтийг бууруулахын тулд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөөний нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн бөгөөд үүний үр дүнд автобусны дундаж хурд ойролцоогоор 30 хувиар нэмэгдсэн байна. Цаашид Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол замуудын нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба болон Нийтийн тээврийн бодлогын газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд 24 цагаар хяналт тавьдаг шуурхай удирдлагын тээвэр зохицуулагчид ажилладаг бөгөөд түгжрэлээс шалтгаалан автобус нэг талдаа бөөгнөрөх, хөдөлгөөн саатах үед тээврийн хэрэгслийн таталт хийх, чиглэлд зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлдэг байна.






