Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллын газарт сувилуулж байжээ. Гэтэл зургаадугаар сарын 26-ны өдрийн 05:30 цагийн орчим гараад сураггүй болсон аж. 

Түүнийг эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулан явуулжээ. Гэвч ямар ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон байна.

Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, энэ сарын 3-ны өдөр “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 15 км-т явганаар голын салаа бүрээр явж хайжээ. Энэ үеэр голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т урсаж, 4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт эрлийн ажиллагааг зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм.