Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, иргэн Д.Чинзориг нарын өнгөрсөн маргааны талаар дэлгэж байсан билээ.

Тиймээс энэ үед дээрх хоёр эрхэмд луйвардуулсан гэх Д.Чинзориг хэвлэлд хандаж байсан билээ. Харин өнөөдөр нэгэн иргэн энэхүү 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр хэвлэлд өгч байсан “ Тэд гишүүн болчихбол хэзээ ч дийлдэхгүй” нэртэй ярилцлагаа сэргээн нийтэлж өгөхийг хүссэн юм. Ингээд иргэний хүсэлтийг ямар нэгэн элдэв хачиргүйгээр хүргэж байна.

-Та өөрийгөө танилцуулаач? 
-Би Ц.Анандбазар, Н.Энхбаяр нарын хийсэн хэргийн хохирогч хүн байна. Ц.Анандбазар миний байгуулж босгосон “Сод Монгол” ХХК-иас 1999 оноос хойш зээл авч байсан. Гэтэл дараа нь өөртөө “Сод Монгол групп” гэх нэртэй компани байгуулан манай компанийг булаах эхлэлээ тавьсан. Манайхаас зээл авч байсан хэрнээ сүүлд нь татварын шалгалт оруулан эрүүгийн хэрэг үүсгэх ажлыг зохион байгуулсан. Манай компани зүгээр л түүнтэй адил нэртэй компани байгаагүй юм.

-Тэгээд энэ хэргийг яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой гэж үзэж байгаа юм бэ? 
-Н.Энхбаяр нь /Ерөнхий сайд болохоосоо өмнө/ Ц.Анандбазарыг дагуулан “Ханамаса” зоогийн газрын тусгай өрөөнд манай компанийн гишүүн Р.Батбаяртай уулзаад “Миний дүү Ц.Анандбазар нь танай компанид өртэй юм байна. Одоохондоо чимээгүй байж байгаач, энэ сонгуулиар манай нам ялна. Би чамайг “НИК”-ийн захирал болгоно. Тиймээс Д.Чинзоригийг өрөө нэхэхгүй байх талаас нь яриарай” гэж ятгасан. Тухайн үеийн 300 гаруй сая төгрөг гэхээр одоогийн хоёр миллиард орчим төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний миний мөнгийг Ц.Анандбазар авсан байсан. Харин сонгуульд ялсныхаа дараа Ц.Анандбазарыг “НИК”-ийн захирлаар тавьчихсан. Тэр хооронд манай “Сод Монгол” компани руу элдэв янзаар дайралт хийсэн. Хэргийг хянуулан олон шатны татварын хяналтын байгууллагуудаар шалгуулсан. Тэр бүрт нь Н.Энхбаяр, Ц.Анандбазар нар оролцож л байсан. Сангийн яамны дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн орон тооны бус комиссоор шалгуулж, шинжээч томилогдон ажиллаж байхад мөн л Ц.Анандбазар уулзаад “Та нар манай талд дүгнэлтээ гаргаж өг. Хүн тус бүрт хоёр сая төгрөг өгье” гэж хэлсэн. Харин өнөөх хоёр нь “Бид ажлаа хийдгээрээ хийнэ. Аль нэг талд нь үйлчлэхгүй дүгнэлтээ гаргана” гэж хэлээд гарцгааж. Бодвол Ерөнхий сайд Н.Энхбаяртаа хэлээд, өнөөх Н.Энхбаяр нь Ч.Улаандаа хэлсэн юм байлгүй. Сангийн сайдын тушаалаар удалгүй өнөөх хоёр шинжээчийг ажлаас нь халчихсан. Үүний дараа өнөөх комиссын өөр нэг дүгнэлтийг гаргаж, намайг зориуд татварын асуудалтай болгож хэрэгт хийсэн.

-Та яаж тэр хоёр шинжээчийн юу хэлсэн талаар мэдэж байгаа юм бэ? 
-Тэд Сангийн яамны удирдлагадаа, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах газарт ингэж нөлөөлж, дарамталсан тухайгаа мэдэгдсэн байна билээ. Ш.Сэд, З.Орших нар “Ц.Анандбазар нь 400,0 ам.доллар, 222 сая төгрөгийг залилсан асуудал баримтаар илрэх нь гэдгээ мэдмэгц өөрийн хүслээр магадалгааг гаргуулах гэж шахалт үзүүлж байна. Би та нарыг Ч.Улаан сайдад танилцуулж ажлаас чинь чөлөөлүүлнэ. Би яамны гол хүмүүсийн найз, маргааш л гэхэд та нар өөрчлөгдсөн байх болно” гэх зэргээр дарамтлуулсан тухайгаа мэдэгдсэн тухай бичиг бий. Сангийн сайд Ч.Улаан Ц.Анандбазарын үгэнд орж гэм буруугүй ажлаа хийж явсан шинжээч нарыг ажлаас халсанд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр нөлөөлсөн гэж боддог.

-Ойролцоо нэртэй компани байгууллаа гээд танай компанийг яаж булааж авах юм? 
-Ц.Анандбазар нь 1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан “Сод Монгол” ХХК -ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан байгаа юм. Ингэхдээ “Би өөрийн компанийн авах юмаа авч байна” гэж ойлгуулж. Мөн Багануурын уурхайд нийлүүлсэн 150 сая төгрөгийн түлшийг маань тухайн үеийн уурхай удирдлага Балсандорж, Дамба, Пэлжээ нартай үгсэн хуйвалдаж 80 сая төгрөгийг илүү тооцон хувьдаа завшсан. Үүнийг Ц.Анандбазар дангаараа хэзээ ч хийж чадахгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяраар дамжуулж л хийсэн гэж би бодож явдаг. Мөн “Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг “Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. “Сод Монгол” ХХК болон “Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн нь нөгөө талдаа ч өөрийнхөө хүнийг байлгасантай нь холбоотой. Шуудхан хэлэхэд, Монголын төмөр замын санхүүгийн албаны дарга байсан Ариунаа гэгчтэй нийлж үүнийгээ хийсэн шүү дээ. Түүнээс нэр нь ондоо, данс, бланк нь ондоо байгууллагыг мэргэжлийн байтугай энгийн хүн ч андуурахгүй. Намайг хохирогчоор тогтоогдоод явж байхад Туяа гэх хүний төлөөлөгч ирж уулзан “Та Ц.Анандбазарын эсрэг гомдол гаргаж байгаа юм уу, би бас нэг хохирогчийг төлөөлж байна, хамтран гомдол гаргая” гэсэн. Энэ хүн нь Ш.Отгонбилэг агсны гэргий, УИХ-ын гишүүн Д.Туяа байсан. Бага тэнгэрийн амыг Ш.Отгонбилэг нар худалдаж авахаар болсон юм билээ. Тэр үед Ц.Анандбазар “Та энэ газраа миний нэр дээр авчих. Та иймэрхүү зүйлтэй нэр холбогдоод хэрэггүй” гээд зөвшөөрүүлэн мөнгө, төгрөгийг нь гаргуулан Бага тэнгэрийн амыг хувьчлан авсан байдаг. Удалгүй Ш.Отгонбилэг нас барахад гэрийнхэнд нь юу ч өгөлгүй, өнөөх амыг нь бүхэлд нь авчихсан гэсэн. Одоо тэндээ хаусан хороолол бариад бас л Дархан цаазтай газар нутгийн тухай хуулийг зөрчиж байгаа. Ингэж Ш.Отгонбилэгийн газраар мөнгөжиж байгаа юм. Эдгээр хууль бус үйлдэл яагаад хуулийн хараанаас мултарч байгаагийн хариулт нь Н.Энхбаярт бий. Өргөө кино театрыг менежментээр хувьчилна гэхэд ажилчид нь эсэргүүцээд өгөхгүй гэсэн. Гэтэл Н.Энхбаяр Нүхтэд хотын дарга байсан М.Энхболдтой уулзаад “Ц.Анандбазарт өг” гэж хэлээд л өгүүлсэн гэдгийг нотлох баримт, бас гэрчүүд байдаг юм билээ.

-Энэ асуудлаа шийдүүлэхээр шүүх, цагдаагаар яваад үр дүнд хүрээгүй юм уу? 
-2010 он хүртэл цагдаа шүүхээр яваад ямар ч үр дүнд хүрээгүй, мөрдөн байцаалтын явцад намайг хохирогчоор тогтоогоод байхад прокурор, шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдөл гаргасны үндсэн дээр Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэргийг дахин сэргээж ажиллагаанд оруулсан. Гэтэл байцаан шалгах үйл ажиллагаа явагдаж байхад Улсын Ерөнхий прокурорын туслах, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших мөн л эрүүгийн хэргийг татаж аваад дахин хэрэгсэхгүй болгосон. Энэ үйлдэл нь мөн л урьдах прокурор шүүхийн ажилтнуудын албан тушаалаа урвуулан ашиглаж хэргийг хэрэгсэхгүй болгож буйтай адил юм. Албан тушаалтны буруутай үйлдлээс болж хохирол хүлээж байгаа гэх үндэслэлээр хэргийг сэргээх тухай гомдол гаргаж байхад огт өөр үндэслэлийг заагаад “энэ үндэслэлээр хэргийг сэргээх боломжгүй байна” гээд дүгнэлт гаргачихсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 357-р зүйлийг 1.2-оор гомдол үүсгэх гэхэд 357-р зүйлийн 1.1-ээр үүсгэх боломжгүй байна гэсэн мэдэн будилсан, илт хууль бус тогтоол гаргаж байгаа юм. Ядаж миний гаргасан үндэслэлийг нь бичээд “энэ тогтоогдохгүй байна” гэж бичвэл илүү үнэмшилтэй дээ. Гэхэд намайг мэдэхгүй гэж бодсон юм болов уу, өөр зүйл заалтыг миний өмнөөс зохиож тавиад, түүнийгээ үндэслэлгүй гээд байгаа нь бүдүүлэг л байхгүй юу. Энэ хэргүүд сэргэнэ гэж бодож байгаа. АТГ, Прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах газарт өргөдлөө гаргасан байгаа. Ийнхүү шүүх, прокурорынхон Ц.Анандбазарын талд үйлчлээд байгаагийн ард авлига, ашиг сонирхол байгаа гэж хардахад хүргэж байна. Шүүх, прокурорын үйл ажиллагаанд хэн нөлөөлж чадах вэ гэдгийг бодохоор өнөөх л Н.Энхбаяр дээр буухаас өөр аргагүй. Ер нь бол үе үеийн прокурор хуулийнхан Ц.Анандбазар, Н.Энхбаяр нарыг дийлдэггүй л юм байна.

-Яагаад энэ хоёр хүн байнга холбогдоод байна? 
-Н.Энхбаярыг Соёлын сайд байхад нь Ц.Анандбазар туслахаар нь ажиллаж байсан гээд эртний холбоотой. Энэ хоёр хүн хэзээ ч салж чадахааргүйгээр мөнгөөр холбогдсон хүмүүс.

-Ц.Анандбазарыг цагдан хорьж шалгасан ч буцааж сулласан? 
-Ц.Анандбазарт холбогдох хэргийг шалгаж байсан ахлах мөрдөн байцаагч Д.Наранбаатар нь /одоо АТГ-ын мөрдөн байцаагч/ “Сэрүүлэг” гээд сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний шалгасан үйлдлүүдийн тухайд нотлогдсон гэж үзэж байгаа, гарцаагүй нотлогдсон үйлдлүүд гэвэл: Ц.Анандбазар нь “НИК” ХК-д дэд захирлаар ажиллаж байхдаа “Чандмань холдинг” ХХК-ийн албан бланкийг ашиглан захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91 сая төгрөгийг өөрийнхөө компанийн дансанд шилжүүлэн авсан байдаг. Үүнийг нь “Чандмань холдинг” ХХК-ийн захирлын мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотолсоор байтал прокурор хэрэгсэхгүй болгосон” гэж ярьсан байсан. Манайхтай холбоотой хэргийг нь ч баталсан юм билээ. Тус ярилцлагад “Тухайн үед Ц.Анандбазарын өөрийнх нь “Сод Монгол групп” ХХК нь Улаанбаатар төмөр замтай ямар нэгэн өр авлагагүй байхад Д.Чинзориг захиралтай “Сод Монгол” ХХК-ын авах ёстой 20 сая төгрөгийг компанийн ижил нэрийг ашиглан залилан авсан. Мөн Д.Чинзоригт 272 сая төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Гэтэл Ц.Анандбазар нь энэ өрөө төлөхгүй байх үүднээс “Сод Монгол” компанийн ажилтан Р.Батбаярыг олон хүмүүстэй очин машинд суулган өрийг нь төлөхгүй гэж айлган сүрдүүлсэн” гэсэн байдаг.

-Сонгууль дөхсөн үед нэг хүн гарч ирээд “би хохирогч, Н.Энхбаяр муу хүн” гээд байхаар сөрөг сурталчилгаа хийж байна гэж ойлгож магадгүй? 
-Улс төр үнэндээ надад сонин биш. Гэхдээ энэ олон хууль бус үйлдэлд Н.Энхбаяр оролцож байсан тулдаа л Ц.Анандбазар уснаас хуурай гарч ирж байгаа юм. Нэг компанийн захирлын үгээр явдаг цагдаа, прокурор, шүүх гэж юу байх вэ, Н.Энхбаяр нь Ц.Анандбазарыг л өмгөөлж хамгаалах үүднээс л хуулийг завхруулах боломж олгож, над мэт хүмүүсийг хохироож байгаа юм. Ийм болохоор л хэлж байгаа юм.

-Одоо Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэж ял оноолоо гэж бодоход олон нийт “УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх гэж эрх баригчид ийм зүйл хийлээ. Төрийн тэргүүн хийж явсан хүнийг ингэж болохгүй” гээд л эсэргүүцэх байх даа? 
-Иргэн хүнийхээ хувьд хуулийг хүндлэх ёстой. Миний хувьд Ц.Анандбазар намайг хохироосон, Н.Энхбаяр түүнд ийм боломжийг нь олгож, хайцаалсан гэдэг утгаар нь асуудлыг харж байна. Түүнээс биш Н.Энхбаяр гэдэг хүн юугаа хийж явах нь надад хамаагүй. Гэхдээ цөөхөн хэдэн хүн Н.Энхбаярын үнэн дүр, хийсэн зүйлийг мэддэг гэдэг. Гэтэл олон нийт “зайлуул ганц хэвлэлийн байгууллагыг авсных нь төлөө барьж хорилоо” гэж өмөөрдөг. Миний мэдэрсэн, мэдэж байгаа зүйл бол зах зух төдий л зүйл. Хэрэг хийж, хууль зөрчөөд, төрийн гурван өндөрлөгт ажиллаж байсан хүн хуулийн дагуу яагаад байцаалт өгчихөж болдоггүй юм. Хохирсон би шүүх цагдаагаар арван жил явж байна. Одоо хууль түүнийг дийлэх үү, үгүй юу гэдгийг нь харж л сууна.

-Таныг хохироосон гэх хүмүүсийн аль аль нь УИХ-д нэр дэвшихээ илэрхийлчихсэн байгаа шүү дээ. Магадгүй УИХ-ын гишүүн болчихвол хэрэг яах бол? 
-Хэрэв тэд гишүүд болчихвол хэзээ ч дийлдэхгүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хамгаалалттай гээд хэргийг нь шалгаж тогтоож ч чадахаа болих байх. Дөрвөн жил өнгөрвөл мөнгө нь бүр ч их өснө биз. Ц.Анандбазар энгийн нэг компанийн захирал байхдаа хуульд дийлдэхгүй байхад гишүүн Ц.Анандбазар болчихвол хэргээ шударгаар шийдүүлнэ гэж бодохын ч хэрэггүй болно байх. Миний адил хохирсон хүмүүс юмаа нэхэж чадахаа байж хуулийнханд хандаад ч нэмэргүй болно. Улсын прокурорыг компанийн захирал байхдаа атгаж байгаа бол эрх мэдэлтэй болчихвол илүү том зүйлийг атгах байлгүй. Долоон зүйл ангиар буруутгагдаж байсан ч цэвэр мултарсан нь багадаад гишүүн болох нь л дээ.

Б.Мандах
2012 оны 5 сарын 22