Өчигдөр нийслэлийн хэмжээнд хоёр хүн амиж хорлохыг завдсан бөгөөд тэдний нэгийг нь аварсан байна. Тодруулбал,  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, барилгын 4 дүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 06:18 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт оршин суугч иргэн Э /48 настай, эмэгтэй, согтуу байсан/ тагтнаас зүүгдэн үсрэх гэж байсныг гэрийнх нь хаалгыг эвдэн орж тухайн иргэнийг тагтнаас буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн агуулахын өргөгч цамхаг дээр /30 метрийн өндөртэй/ боомилж нас барсан хүний цогцос байна, буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр Онцгой байдлын гзарт  09:37 цагт ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 09:54 цагт очиж, тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Т/33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Манай улсын 10-аас 35 хүртэлх насны хүүхэд залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд амиа хорлолт орж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Түүнчлэн амиа хорлогчдын ихэнх буюу 54-91 хувь  нь эрэгтэйчүүд байгаа ажээ. Нас барсан хүн амыг насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.

Тиймээс амиа хорлох нь асуудлын шийдэл биш, бусдад буруу үлгэр дуурайлал болохыг анхаарч ийм үйлдэл хийхгүй байх, урьдчилан сэргийлэх шаардлага байгааг сэрэмжлүүлж байна.