АТГ-аас  2019 оны эхний зургаан сарын байдлаар төрийн албан хаагчдид авлигад холбогдсон 29 хэргийг шүүхээр шийдүүлсэн талаар олон нийтэд мэдээллээ.

  • БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дараг асан Б.Батсайхан
  • Нийслэлийн Газрын албаны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Амаржаргал
  • Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар  
  • МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг
  • БСШУСЯ-ны харьяа "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ
  • Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ 
  • Хан-Уул дүүргийн 243-р цэцэрлэгийн захирал Б.Саранцэцэг
  • БЗД-ийн Газрын албаны дарга асан Н.Батсүх 
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨҮГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч 
  • Багануур компанийн охин компани "Багануур илч" компанийн гүйцэтгэх захирал С.Батболд
  • Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ
  • Завхан аймгийн Улиастай сумын Төв номын сангийн захирал Л.Долгоржав
  • "Өсвөр Үе-хүнс" ОНӨААТҮ-ийн газрын дарга Б.Наранчулуун
  • "Сити баз консалтинг" компанийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. 

Эхний хагас жилийн байдлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдсан этгээдүүдийн 

  • 29 буюу 10.2 хувийг төрийн улс төрийн албан тушаалтнууд
  • 46 буюу 16.3 хувийг төрийн захиргааны
  • 68 буюу 24 хувийг нь төрийн тусгай
  • 28 буюу 9.9 хувийг төрийн үйлчилгээний
  • 35 буюу 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийн албан тушаалтан 
  • 77 буюу 27.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ.

АТГ авлигын хэргийн улмаас үүссэн хохирлыг төлүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа гэв. Одоогийн байдлаар 384 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд үүнээс 335 нь хэрэг бүртгэлтийнх, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Эдгээр гэмт хэргийн улмаас нийт 11.9 их наяд төгрөгийн хохирол үүссэн.  Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Энэ хөрөнгийн хэмжээн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн"  гэсэн юм. 

Сүүлийн үед зарим хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй байхад олон нийтийг төөрөгдүүлж, мушгин гуйвуулсан худал мэдээллийг түгээж, хэрэг шалгах ажилд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг ил цагаан хийдэг болсон тул АТГ шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн бичлэгийг  мөн ил болголоо.