Сүүлийн жилүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан махыг бид хүнсэндээ хэрэглэж чадахаа больсон гэхэд болно. Чанарын шаардлага хангаагүй махыг худалдаанд нийлүүлнэ. Худалдан авагч махыг ямар нөхцөлд бэлтгэж, нийлүүлснийг мэдэх аргагүй учир худалдаж авдаг нь харамсалтай.

  Үүний тод жишээ нь “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байжээ. Энэ талаар МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг газар дээр нь хяналт шалгалтыг явуулж илрүүлсэн аж.

Уг шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байжээ. Хамгийн гол нь гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байна. Үүнийг нь мэргэжилтнүүд экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй хэмээн үзэв.  Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв.

Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгаж, хяналт шалгалтаа үргэлжлүүлж байгаа юм. 

60 сая толгой малтай хэрнээ махаа тэнгэрт хадсан үнээр худалдаж авна. Нөгөөтэйгүүр, эрүүл мэнддээ ч заналхийлсэн махыг хүнсэндээ хэрэглээгүй гэх батлагаа алга. Үнэтэй худалдаж байгаагаа бодож, эрүүл ахуйн шаардлага хангасан мах худалдвал "хэн ч асуудал үүсгэхгүй" биз. Монголдоо зарж борлуулах биш экспортлох мах гээд хээв нэг байж болохгүй. Гадны зах зээл дээр гарахдаа улсынхаа нэр сүрийг унагаад байвал хэн бидэнтэй наймаа, бизнес хийхийг бодохов. Тэгээд гадаад зах зээлдаа "муу" нэртэй үлдлээ гэхэд үр хойчид ямар гарц үлдэх вэ? Муухарласан аргаар наймаа эрхэлдэгээ болиод цэвэр бизнесийн аргаар өрсөлдөж байж гадаад зах зээлд ашигтай ажиллана. 

Гэтэл жилийн л өмнө байх махыг хэрхэн эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгээд нийлүүлэх талаар ухуулга хийсэн бичлэгийг цацахад олонхи нь ямар "сүртэй юм бэ" хэмээн хүлээж авсан. Уг нь ариун цэврийг хангаад сурчихвал адагдлаад гэдэс, ходоодны элдэв өвчнөөс сэргийлж, цашлаад өнөөх газар аваад байгаа ходоодны хорт хавдрын эхлэл тавигдахгүй гэдгийг хаана, хаанаа бодох цаг нь ирсэн. Хоолойгоор давсан болгон хоол биш. Хэнэггүй монгол зангаараа бэлтгэсэн мах ч "хоол биш" болоод байгаа гэдгийг ойлгох буй за.