Нийслэлийн ЗДТГ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран 2017 оноос Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF(Diesel Particulate Filter) тоноглож, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийлүүлж буй дизелийн тортогийн шүүлтүүр хүлээлгэж өгөх ёслол Хангарьд ордонд боллоо.

Үүний хүрээнд Мокоби СТ-3 Дизелийн Тортгийн Шүүлтүүр 24 ширхэг, Мокоби RE ДТШ цэвэрлэгч 15 ширхэг, MEXA-600S Утааны тортогшил хэмжигч багаж 3 ширхэг, Diesel Pro Хөдөлгүүр цэвэрлэгч 3 ширхэг, EC-600 Нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч 6 ширхэг, XDR-66URG Drive Recorder 24 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн аж.

Нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” гэсэн гурван компанийн нийт их багтаамжийн 24 автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF мөн иж бүрдлийг Япон улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар буюу үнэ төлбөргүй суурилуулсан аж. Өнгөрсөн оны долдугаар сараас туршилтын ажлыг эхлүүлсэн байна. Тортгийн шүүлтүүр DPF нь дизель тээврийн хэрэгслийн яндангаас хаягдах их хэмжээний тортгийг шүүлтүүрээр шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм. Япон улсад үйлдвэрлэсэн MoCobee загварын шүүлтүүр нь утаанд агуулагдах РМ буюу тортгийн 99.9%-ийг бүрэн шүүдэг төхөөрөмж юм. Уг төхөөрөмжийг Япон улсад 2003 оноос туршиж эхэлсэн. Дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин, гал унтраах машин зэрэгт нэмэлтээр суурилуулан 15 гаруй жилийн хугацаанд тасралтгүй ашигласан аюулгүй, найдвартай систем аж. Их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181гр тортог шүүгдэж устгагдсан байна. Энэ нь шүүлтүүргүй зорчиж байгаа автобус нэг бүрээс өдөрт дунджаар 181 гр РМ нарийн ширхэгт тоосонцор агаарт хаягдаж байгааг тодорхойлжээ. Нийслэл хотод өдөр бүр 1000 гаруй их багтаамжийн автобус тодорхой чиглэлүүдэд зорчдог гэж тооцвол жилд нийт 57 тонн РМ буюу тортог агаарт хаягдаж байдаг аж.