Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг байшин шатсаны улмаас 12 хүн түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ. 

Уг байшинд Булган аймгаас Налайх дүүрэг рүү явах замдаа нийт 15 хүн амарч байсан аж.

Галын улмаас Налайх дүүргийн харьяат иргэн Х /73 настай, эрэгтэй/, Г /59 настай, эрэгтэй/, Ц /53 настай, эрэгтэй/, Н /53 настай эмэгтэй/, Н /46 настай, эмэгтэй/, Н /46 настай эрэгтэй/, Х /44 настай, эмэгтэй/, Н /43 настай, эрэгтэй/, Г /40 настай эмэгтэй/, О /21 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Х /таван настай, эмэгтэй/ нар түлэгдэж, гурван настай охин Э нас барсан байна.

Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдөр 13:33 цагаас 18:20 цагийн хооронд Зэвсэгт Хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 10 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.

Харин иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн мөн Улаанбаатар хот руу хүргэсэн байна.

Урьдчилсан байдлаар уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс болсон гэж мэдээлжээ.

Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраасан байна.