Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах чиглэл өглөө. Музейн барилгыг буулгаж, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Байгалын түүхийн музейн газар дээр Чингис хааны музей байгуулна

Засгийн газар өмнө нь (2019.07.03) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэсэн ба Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн юм. 

Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний нэв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар бэлтгэж байгаа. 

Харин Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх ажил үргэлжилж байна.