Энэ сарын 19-22-ны өдөр ослын улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 9 хүүхэд гэмтэж бэртэж, нэг хүүхдийн амь нас хохирчээ. Гэмтсэн хүүхдүүдийн шалтгааныг аваад үзвэл гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Иймд сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул  эцэг, эх та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхаарууллаа.

Сэрэмжлүүлэх зорилгоор зам тээврийн ноцтой ослоос дурдвал мотоциклтой явж байгаад онхолдож амь насаа алдсан осол хоёр гарчээ. Тухайлбал,

  • Дундговь аймгийн Өлзийт сум “Хашаатын бууц” гэх газар шороон замд “Хаожүе” маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Богд сумын 5-р баг “Хондлой” гэх газар шороон замд О жолоочтой Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 39 настай, эмэгтэй О нар амиа алджээ.
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Цахиуртын ар” гэх газар асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Toyota Prius автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай, эрэгтэй Г нас барсан осол гарсан байна.
  • Нийслэлийн БЗД-т байрлах “Их засаг их сургууль”-ийн зүүн  урд замд Toyota Prius автомашины жолооч явган зорчигч 43 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.
  • Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн гүүр” гэх газарт шороон замд Toyota Prius автомашины жолооч нь явган зорчигч нэг нас 8 сартай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.