“Ханан Шишгэд” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зорилготой "Түмний байр" төсөл хэрэгжүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр дахин нэг айл орон сууцтай болж, байрны түлхүүрээ гардан авлаа.

“Ханан шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал, "Түмний байр" төслийн санаачлагч С.Мөнхбат: Бид олон нийтэд зориулсан, нийгмийн сайн сайхны төлөө энэ төслөө хийж байгаа учир төслийн нээлтээрээ нэгэн багш эмэгтэйг сонгож байртай болгосон. Төсөл маань нээлтээ хийгээд удаагүй байгаа ч маш их хүн хандаж, ойролцоогоор 17 мянган хүсэлт ирүүлээд байна. Үүнээс бид олон хүчин зүйлийг харгалзан үзэж, нээлттэй сонгон шалгаруулснаар дахин нэг айлыг сонгож, орон сууцных нь урьдчилгааны 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож байна. Энэ айл маань өөрсдөөсөө 20 хувийг нь төлж, манай компани батлан дааснаар "Түмний байр" төслийнхээ хэмжээнд байрны түлхүүрийг нь өнөөдөр гардуулж байна.

Түмний байр төсөл 2024 он хүртэл үргэлжилнэ. Одоогоор манай төслийг нээснээс хойш 30 гаруй компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандаж эхэлсэн. Манай компани компани гадаад худалдаа, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын чулууг хөндөж баялгийг олборлож ашиг олж байгаагийн хувьд ард иргэддээ бодитоор гараа сунгая гэдэг зарчмыг барьж ажиллаж байгаа юм. Өнөөдөр уул уурхайн компаниудаа уриалж, нэгдүүлж олон иргэнийг байртай болоход нь туслаж өгье. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл нь банк дэмжих тал дээрээ хариу өгөөгүй байна. Хэрвээ өгөөд эхэлвэл иргэд байраа сонгоод бид туслахад бэлэн. Манай төслийн хэмжээнд уг нь иргэд өөрсдөө байраа сонгож авах ёстой байгаа юм. Гэтэл банкны зээлийн асуудлаас үүдээд одоогоор бидний зүгээс байр олоод өгч байна. 

Барилгын компаниуд манай энэ төслийг маань дэмжээд өгөөч гэж энэ дашрамд уриалж байна. Монголын баялагийн үр шим нь  иргэдэд ч гэсэн бодитойгоор хүрэх ёстой гэж боддог" гэлээ. 

“Түмний байр” төслийн хүрээнд орон сууцтай болсон иргэн Б.Баттулга : "Олон жил байртай болохын төлөө зүтгэсэн. Анх энэ төслийн талаар сонсоод л шууд бүртгүүлсэн. Бидэнд хамгийн ойрхон, байртай болоход боломжтой төсөл байна гэж харсан. Бидний урьдчилгаанд 10 хувиар бодит дэмжлэгийг "Түмний байр" төсөл үзүүлснээр өнөөдөр ингээд хоёр өрөө байртай болж байна. Хэрэв бидэнд ийм боломж олгоогүй бол дахиад 5 жил бид 2 зүтгэх байсан. Тиймээс маш их баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Ханан шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл "Манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Түмний байр” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд олгож буй байрны эхний эзэд өнөөдөр тодорлоо. Хүмүүст тулгамдаж буй асуудал нь байрны урьдчилгааны асуудал гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр манай компанийн хэрэгжүүлж байгаа "Түмний байр" төсөл иргэдэд урьдчилгаагаа бүрдүүлэхэд дэмжлэг өгөх, цаашлаад ипотекийн зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлж байна. Иргэдийг орон сууцтай болгосноор агаар орчны бохирдлыг бууруулахад бага ч болтугай хувь нэмэр болно гэдэгт найдаж байна" гэсэн юм.