Иргэн М.Төрбат Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягыг Үндсэн хуулийн суурь зарчим, зарим заалтыг  зөрчсөн хэмээх  үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгчээ.  Тодруулбал Говьcүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг хууль бусаар томилсон нь гурван шатны шүүхээр тогтоогдсон тул иргэн М.Төрбат Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа нь энэ ажээ.

Хэргийг эргэн сануулахад,  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилох тухай 2013 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаар  захирамжийг гаргаж байжээ.   Тэгвэл энэхүү захирамжийг гаргахаасаа өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэлдхүүний бүрэн эрх, хуралдааны ирц, гаргасан шийдвэр хууль зүйд нийцсэн  эсэхийг хуульд заасны дагуу анхааран судалсны үндсэн дээр гаргах үүрэгтэй байсан. Учир нь Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 4 төлөөлөгчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс эргүүлэн татсан, тэдний оронд сонгогдсон гэх төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлаар маргаан үүсч, уг маргаан шүүхийн шатанд бүрэн шийдэгдэж дуусаагүй, нэхэмжлэгч тал Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд хандсан, Улсын дээд шүүх маргааныг хянаж эцэслээгүй байхад эрх зүйн үндэслэл, судалгаагүй шийдвэр яаран гаргасан буюу хууль бус хуралдааны шийдвэрийг үндэслэж захирамж гаргаснаараа  Үндсэн хууль зөрчсөн байгаа юм.  

Уг нь  Аймгийн Засаг даргын томилгооны асуудал хуулийн дагуу шийдэгдтэл  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д ”.Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.” Гэсэн хуулийн заалт цагаан дээр хараар байгаа. Энэ хуулиар бол Говьсүмбэр аймгийн Засаг даргын эрх, үүргийг Засаг даргын орлогч гүйцэтгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байсан.  Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд захирамж гаргахаасаа өмнө дээрх асуудлыг хуулийн хүрээнд нарийвчлан хянаж тодруулах цаг, хугацаа хангалттай байснаас гадна түүний шууд удирдлага дор ажиллаж мэдээлэл, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй Ажлын алба болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын аппарат, түүний дотор хууль, эрх зүйн газар ажиллаж байдаг.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал нийт 17 иргэдийн Төлөөлөгчийн суудалтай.  Тэгвэл  Ерөнхий сайдын  үндэслэсэн гэх ИТХ-ын  2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг гаргасан хуралдааны  ирц хуульд зааснаас дутуу байсан ба хуралдаанд оролцсон гэх 9 төлөөлөгчийн 3 хүнийг анхнаасаа /Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хууль бусаар сонгогдсон гэдгийг Улсын дээд шүүх тогтоон хүчингүйд тооцсон.  Тэгэхээр энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.7-д “.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.” гэж заасны дагуу тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд доод тал нь 9 бүрэн эрхтэй төлөөлөгч оролцсоноор хүчинтэйд тооцогдох ёстой. Гэтэл тус хуралдаанд оролцсон гэх 9 төлөөлөгч дотор Улсын дээд шүүхийн тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь хүчингүйд тооцогдсон  Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нар оролцсон ба эдгээр 3 этгээд нэгэнт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш тул ирцээс хуулийн дагуу хасагдаж тус хуралдаан 6 төлөөлөгчийн бүрэлдхүүнтэй хуралдсан нь хүчин төгөлдөр бусд  тооцогдох ба  Л.Одсэрийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн гэх 03 дугаар тогтоол нь мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсноор илт хууль бус эрх зүйн актад тооцогдоно.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь хүчингүйд тооцогдсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд буюу Хурлын төлөөлөгч биш хөндлөнгийн этгээдүүд ирц бүрдүүлэн оролцсон  хүчин төгөлдөр бус хуралдааны тогтоолыг үндэслэснээрээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Захирамж   хууль зүйн хувьд Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн эрх зүйн чадамжгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна.

Түүний захирамж Үндсэн хууль зөрчсөнийг Монгол Улсын дээд шүүхийн тогтоол  баталж байна.Тодруулбал: Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар Тогтоолын Хянавал хэсэгт: ...Аймгийн иргэдийн Төлөөлөгч Г.Сайнбаяр, Л.Отгонжаргал, С.Лувсанвандан, Д.Пүрэвсүрэн нарын бүрэн эрхийг хүчингүйд тооцож 2 дугаар хэсгээс Ү.Батзаяа, 6 дугаар хэсгээс Б.Ганбат, жагсаалтаар Бя.Энхбаяр, Д.Алдармаа нарыг сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь зөвшөөрсөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны дөрөвдүгээр хуралдааны 03, мөн оны тавдугаар хуралдааны 3 дугаар тогтоол дээрх байдлаар хуульд нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн орон, гарсан Төлөөлөгчийн нөхөн сонгуульд оролцох хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн сонгох эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгож, маргаан бүхий Говьсүмбэр аймгийн сонгуулийн 1, 2, 3, 6 дугаар хэсэг дээр нөхөн сонгууль явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сонгуулийн тогтолцооны хэлбэр, “нэр дэвшигч”, “төлөөлөгч”-ийн эрх зүйн ялгаатай байдлаас үүссэн холбогдох залтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнээд дараах Тогтоолыг гаргасан байна.  “ Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 312 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.15, 34.16, 54 дүгээр зүйлийн 54.7, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/-д заасныг баримтлан МАХН-ын Говьсүмбэр аймгийн мянгатын дэд дарга Д.Уртнасангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дөрөвдүгээр хуралдааны 03, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тавдугаар хуралдааны 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1, 2, 3, 6 дугаар хэсэгт нөхөн сонгууль явуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэжээ.

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоор Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат Д.Алдармаа нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш гэж тогтоожээ.. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дах хэсэгт “ Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ....” гэж хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дах хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэснийг зөрчсөн эс үйлдэхүйн тухайд:

Улсын дээд шүүхийн тогтоолоор хүчингүйд тооцогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирц бүрдээгүй, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хуралдааны илт хууль бус эрх зүйн актыг үндэслэн гаргасан захирамжаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө санаачлагаараа Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өнөөдрийг хүртэл хүчингүй болгохгүй иргэд, сонгогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож  байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа юм.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:

9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;

9.2.Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно гэж заасан байдаг.

Дээрх хуулийн заалтаар мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилсон 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 158 дугаар Захирамж  гарах эрх зүйн үндэслэл байгаагүй нь тогтоогдож байгаа учир  Үндсэн хууль зөрчсөн эрх зүйн актаа өөрөө хүчингүйд тооцсон шийдвэр гаргах үүрэгтэй. Иймд Үндсэн хуулийн Дөчин тавын 2 дах хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гаргасан эрх зүйн акт илт хууль болохыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Үндсэн хууль зөрчиж байна.

Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 38.2.1-д “ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;” , Гучин наймдугаар зүйлийн 38.2.5-д “ төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;” гэснийг зөрчсөн тухайд:

Дээрх Үндсэн хуульд заасан үүргийг Засгийн газрыг толгойлж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө хангалтгүй биелүүлж зөрчиж байгаа нь орон нутагт хууль дээдлэх ёс, хууль биелүүлэх зарчим алдагдаж төрийн хуулийг дураараа тайлбарлан, гажуудуулах, хэн дуртай нь хууль зөрчин өөрсдийгөө Засаг даргаар томилуулах явдал газар авсны үндсэн шалтгаан болж байна гэж үзэж байна.

Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд хуульд нийцсэн бодлого, үйл ажиллагаагаараа бусдыг үлгэрлэн хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулан хангуулах, гарсан алдаа зөрчлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд засч, залруулах, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн удирдан чиглүүлэх үүрэгтэй.

Ерөнхий сайдын дээрх Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь цаашдаа тус аймагт төрийн ажил хуулийн дагуу хэвийн явагдах эсэхэд  ойлгомжгүй байдал үүсгэж улмаар эрх зүйн таагүй үр дагавар  үүсгэх магадлал ихтэй байна.

Нэгэнт илт хууль бус захиргааны актуудын үндсэн дээр томилогдсон, эрх зүйн чадамжгүй Засаг даргын гаргасан шийдвэрүүд нь хууль зүйн логикоор мөн  эрх зүйн чадамжгүйд тооцогдох тул цаашдаа сөрөг үр дагаврыг  дагуулахаар байна. Тодруулбал, Засаг даргын гаргасан албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн, томилсон томилгоо, газар олголт, төсөв, сангийн хөрөнгийг захиран зарцуулах тухай, зөвшөөрсөн болон хориглосон актууд, бусад байгууллага, албан тушаалтнууд, сайн харилцаатай гадаадын хот, дүүргүүдтэй хийсэн гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа зэрэг нь шүүх, арбитрын маргааны явцад эрх зүйн чадамжгүйд тооцогдож эдийн болон эдийн бус хохирлыг учруулах магадлал ихтэй болж байна.

Ерөнхий сайдын буруутай үйлдэл хийснийг гурван шатны шүүх тогтоочихоод байгаа энэ цаг үед  хууль бус томилгоогоо эргэн хараг цаг болсныг дахин сануулъя

А.Баярмаа