Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс "Зөрчлийн шийдвэрлэлт-2019" арга хэмжээний хүрээнд "Амар тайван амьдрал" хэсэгчилсэн арга хэмжээ зохион явуулж дүүргийн Прокурорын газар, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцсан нутаг дэвсгэрт шөнийн хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр эрчүүд хайнга байдлаасаа болж зөрчилд холбогдож байгаа бол охид нь архидан согтуурч, гадаад эрчүүдийн өвөрт хэвтэж байв...

30 минутад 12 согтуу жолооч саатуулагдав

Уг арга хэмжээний хүрээнд манай сурвалжлах хэсэг замын цагдаа нартай хамт 30 минут зам дээр зогссон юм. Энэ хугацаанд  12 согтуу жолоочийг саатуулан, хууль бус ангийн мах тээвэрлэсэн 1 зөрчлийг илрүүлсэн юм. Үүнээс гадна  бүрэн бус тээврийн хэрэгсэл, зориулалтын бус тоноглолтой машин унасан жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж, энэ байдлаа засахыг үүрэг болгосон.

12 согтуу жолооч нарын нэг нь эрхээ хасуулсан хэрнээ тухайн өдөр жолоо барьж байсан юм. Түүнийг үлээлгэх шаардлага тавихад эрс эсэргүүцэж ажилд нь илтэд хзндрэл учруулж байлаа. Тухайн иргэнийг хуулийн дагуу эрүүлжүүлэх байранд хүргэж, машиныг нь журмын хашаанд хүргэв.

Хяналт шалгалтын үеэр бас эмзэглэм зүйл нь 18 настай охид цагдаагийн шаардлага биелүүлэхгүй, хөлчүүрхэн байлаа. Элдэв хүн рүү залгаж, сүрийг үзүүлэх тэдгээр охид сэтгүүлчдийг хараад уйлж эхэлсэн юм.

Автомашиндаа хууль бус ангийн мах тээвэрлэж явсан нэг зөрчил гарсан. “Ах нь өгсөн болохоор авч явсан. Хууль бус гэдгийг нь мэдэж байсан”  гэдгийг тухайн жолооч ярив. Хууль, журмын дагуу уг мэргэжлийн хяналтын байгууллгад  цагдаагийн байгууллагаас дуудлага өгсөн.

Согтуу хүний самбаачлах чадвар болон анхаарал төвлөрөх чадвар муу байдаг бөгөөд энэ нь осол гарах нэг шалтгаан болдог. Согтуугаар тээврийн хэрэгсэлд жолоодох юм бол эрхийг нь хасахаас гадна торгодог. Энэ нь хэдийгээр хуулийн хариуцлага ч гэсэн согтуу жолоо барьснаар та өөрийн болон өрөөлийн эрүүл мэндэд заналхийлж байгаа үйлдэл гэдгийг жолооч нар ухамсарлах хэрэгтэй байна. Ядаж архи согтрууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудаж, хэвших шаардлагатай байна.

Гадаад эрийн өвөрт эрхлэн хэвтэх согтуу Монгол охид

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах  “...” зочид буудал тухайн өдөр 30 өрөө нь хүнтэй байв. Тэдгээрийн зөвхөн нэг нь л  Монгол иргэн байсан бол бусад нь гадаадын иргэд үйлчлүүлж байсан юм. Хоёр өрөөг шалгахад гадаад эрд хууль бусаар бусдад биеэ үнэлсэн  гурван охин байсан юм. Биеэ үнэлсэн охид болон тэднээр үйлчлүүлсэн гадаад иргдэд хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Үнэнч шударгаар ажиллахаар цалин бага байхад яаж амьдрах юм гэж өөрийгөө өмөөрч байгаа тэдгээр охид эрхээ маш сайн мэдэж байсан юм. Харин биеэ үнэлэлт хууль бус гэдгийг мэдэхийг ч хүсэхгүй байв.

Цагдаагийн тавьсан шаардлагыг үл томоосорлосон тэдгээр охидын нэг шөнийн хөлс нь гадаад эрчүүдийн нэг удаагийн хоолны мөнгө юм. Өөрөөр хэлбэл гадаад эрийн зугаа болсон тэдгээр охид таваг хоолны үнэ хүрэхгүй мөнгөөр биеэ үнэлж, Монгол улсын нэр нүүрийг олон улсад муугаар сурталчилж байгаа гэдгээ ухамсарлахгүй байлаа. Эрхээ мэддэг шигээ үүрэг, хариулцлага, гарах сөрөг үр дүн болон ёс зүйгээ тэд умартсан болох болох  үг үйлдэл бүрээс нь ажиглагдсан юм.

Биеэ үнэлэх нь хууль бус. Хууль бусаар  биеэ үнэлсэн бүсгүйчүүдэд зөрчлийн дагуу торгуулдаг. Тэрхүү торгууль нь цагдаагийн санд бүртгэгддэг. Хэзээ нэгэн цагт тэрхүү торгуулж байсан мэдээлэл нь өөрт нь эргээд гай болно гэдгийг охид ойлгодоггүй.

Хамгийн эмзэглэм асуудал энэхүү хууль бус үйлдлийг тухайн зочид буудал нь дэмжиж, цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байхад цахилгаанаа албаар тасалж ажилд садаа болж байсан бөгөөд шаардлага тавихад хэлэх үг нь бэлэн байв.

Тус дүүрэгт байрлах өөр нэгэн зочид буудлаар ороход үйлчлүүлэгчдийн бүртгэл байсан ч  бичиг баримтыг аваагүй зөрчил илэрсэн юм. Үүнээс гадна тусгай зөвшөөрөлтэй цэнгээний газар л гэхэд “эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” үйлдэл гаргаж байв.  Улмаар цагдаагийн ажилд боломжит хувилбараар хүндрэл учруулж байсан.

Энэ бол баасан гаригийн үдэш манай сурвалжлах багийн нүдээр үзэж, цагдаа нарын ажлын хүнд бэрхийг ойлгосон нэгээхэн хэсэг. Үүнээс ч бэрх асуудал цөөнгүй байдаг ч цагдаа нар бүх нийтийн аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байгаа нь бахархмаар байв.

Цагдаагийн алба хаагчид, прокурорын байгууллагатай хамтран энэ мэтчилэнгээр хууль бус үйлдэл, болзошгүй эрсдэлээс сэргийлж, өдөр шөнөгүй ажиллаж байхад асуудал гаргасан  Монголчуудын дийлэнх олонхийн ухамсар харин сул дорой байгаа нь анзаарагдсан.

Та бидний аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа цагдаагйн шаардлагыг биелүүлж, хууль дүрэм зөрчсөн бол эрхээ мэдэж байгаа шигээ үүргээ ухамсарлан бусдын ажилд хүндрэл учруулахгүй байх хэрэгтэйг иргдэд уриалж байна.