Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцаж байна.  Хичээл эхлээд сарын хугацааг үдэх гэж байхад сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байгаа юм. Энэ талаар БСШУС-ын сайдаас тодруулахад, "Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Энэ хичээлийн жилд 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэж байгаа" гэлээ. 

Харин сурах бичгийн хэвлэлтээс яагаад хоцорсон талаар асуухад, “Өнгөрсөн жил бага ангийн хүүхдийн сурах бичиг болон дунд, ахлах ангийн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхдийн сурах бичгийг төрөөс хангаад, үлдсэн нь өөрсдөө номоо авдаг байсан. Энэ жил сурах бичгийн мөнгө төсөвт байхгүй байсан ч бид хөөцөлдөж байгаад Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт босгоод сурах бичгийг хэвлэж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ урт хугацаанд үргэлжилсэн тул сурах бичгийн хэвлэлт оройтсон. Энэ жил бүх хүүхдүүдэд сурах бичиг очно. Өөрөөр хэлбэл, сургуулиудад хүүхдийн тоогоор сурах бичиг өгнө. Сургууль хүүхдэд номоо түрээслүүлнэ. Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон" гэх тайлбарыг өглөө.