Өнгөрсөн шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрсэн гэдгийг цаг уурчид хэлж байна.

Иймд малчид, тариаланчдын анхааралд энэ сарын 28, 29-нд буюу амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулаад байна. Өчигдөр өдөр нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэсийн голын хөндийгөөр  +15…+20 градус, Алтайн өвөр говь, говь талын нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, бусад нутгаар +20…+27 градус  дулаан буюу ихэнх нутгаар тухайн өдрийн үнэмлэхүй их температураас 1-4 градусаар дулаан байв.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, сэрүүснэ. Тодруулбал, энэ сарын 25, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна. Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.