БНСУ-д зорчих виз хүсэгчид 3-4 сарын дараа хариу авдаг байсан бол визний журамд өөрчлөлт оруулснаар энэ хугацааг 2-3 долоо хоног болгож, мөн зарим нөхцлийг хөнгөвчлөхөөр болжээ.  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, консул Кил Кан Мүг “Ийгл ньюс” телевизийн нэвтрүүлэгт оролцож, энэ талаар дараах мэдээллийг өглөө.

Наймдугаар сарын 26-нд зарласан БНСУ-д зорчих визний журамд долоон зүйл өөрчлөлт орсон. Тодруулбал:

1/ БНСУ-ын Элчин сайдын яам виз хүсэгчдээс банкинд хадгаламж байршуулах нөхцөл тавьдаг байсан бол одоо виз хүсэгчийн дансны сүүлийн зургаан сарын хуулгыг авдаг болсон. Дансанд орж ирж байгаа орлого тухайн эзэмшигчийн өмч мөн бол тэр хэрээр мөнгөө зарцуулна гэсэн үг. Тэгэхээр орлоготой харьцуулахад зарлагын гүйлгээ нь жинхэнэ худалдан авах чадварыг харуулах аж.

2/ Хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр буюу E-9 ангиллын визтэй Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн гэр бүл буюу эхнэр /нөхөр/, эцэг эх, хүүхэд виз мэдүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн санхүүгийн баталгаа шаардахгүй. E-9 ангилал гэдэг нь хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллах боломжтой виз юм. Урьд нь Е-9 визтэй хүний эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд виз мэдүүлэхэд мөнгө байршуулах шаардлага тавьдаг байсан. Харин журамд орсон өөрчлөлтийн дагуу зөвхөн Солонгосоос сүүлийн зургаан сард гэр бүл рүүгээ мөнгө илгээсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг авдаг болсон. Энэхүү хөнгөвчилсөн нөхцөл зөвхөн Монголд л хэрэгжиж эхэлж байгаа юм байна.

3/ Өмнө нь Солонгос руу хууль журмын дагуу, ямар нэгэн зөрчилгүйгээр зорчиж байсан иргэд, албан ажил, дипломат шугам, томилолт, хурал уулзалтад оролцох гэх мэт зорилгоор Солонгос руу явах гэж байгаа бол материалыг 7-10 хоногийн хугацаанд шуурхай шалгадаг болж байгаа.

4/ Виз мэдүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглах боломжтой болсон. Ингэснээр виз мэдүүлэгчийн мэдээллийн үнэн худлыг газар дээр нь шалгах боломжтой. Гэхдээ виз мэдүүлэгч өөрөө Хур системийг ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд л шалгах аж. Хэрвээ зөвшөөрөхгүй бол холбогдох төрийн байгууллага болон ТҮЦ машинаас шаардлагатай материалуудаа бүрдүүлж өгнө. Энэ тохиолдолд илүү хугацаа орох юм байна.

5/ Монголын ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн коллежид солонгос хэлний багш нар болон тэдгээрийн гэр бүлд олон удаагийн визийг хөнгөвчилсөн нөхцлөөр олгохоор болж байна. Одоогийн байдлаар холбогдох хууль журмыг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд ирэх жилийн эхэн гэхэд солонгос хэлний багш нар олон удаагийн виз мэдүүлэх боломжтой болно.

6/ Виз мэдүүлэгч татгалзсан хариу авсан тохиолдолд зургаан сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой.

7/ Виз мэдүүлэхдээ хууль бус буюу хуурамч материал бүрдүүлсэн, бүрдүүлж өгсөн гэх мэт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүний мэдээллийг визний нэгдсэн системд бүртгэж авна. Ингэснээр тухайн хүний мэдээлэл дараа дахин виз мэдүүлэхэд нь сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм.

Үнэн зөв мэдээлэл өгсөн виз мэдүүлэгчийн материалыг богино хугацаанд буюу 2-3 долоо хоногт шалгаж хариу өгнө. Гэхдээ энэ нь Хур системийг ашигласнаар боломжтой болох юм.

Сүүлийн үед виз мэдүүлэгчдийн дансанд их хэмжээний мөнгийг түр шилжүүлж өгснөөрөө 100-200 мянган төгрөг авдаг бизнес бий болсон. Тэгвэл иймэрхүү байдлаар ташаа зүйлд хууртагдалгүй өөрийн ердийн үед ашигладаг дансныхаа мэдээллийг үнэн зөвөөр нь бүрдүүлж өгөх ёстойг анхаарууллаа.

Солонгос Улсын Засгийн газрын зүгээс Е-9 визтэй иргэдийн гэр бүл Солонгост очоод, гэр бүлээрээ хууль бусаар үлдэх вий гэсэн болгоомжлол байдаг учраас Солонгост ажиллаж, амьдарч байгаа иргэний хөдөлмөрийн гэрээний үлдсэн хугацааг мөн харгалзан үзэж хариуг олгох юм байна.

Консул Кил Кан Мүг хэлснээр, Хур системийг ашиглах зөвшөөрөл, туслалцааг авах, системийг суурилуулах гэх мэт процесс явагдах хэрэгтэй байгаа аж. Эдгээр ажлуудыг энэ сард багтаан хэрэгжүүлж, туршилтаар ажиллуулж үзээд, арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд бүрэн ашиглах боломжтой болно гэлээ.

Эдгээрээс гадна удахгүй “Визийн төв” байгуулж, мөн групп аяллын визийг монголчуудад олгодох зэрэг ажлууд хийгдэх юм байна.