Монголын хөлбөмбөг сонирхогчдод ETV телевиз  “Fifa world cup 2014”-ийг шууд дамжуулах том бэлэг барьж байгаа юм. Энэхүү ажилд залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо хамтран ажиллахаар болсон бөгөөд ETV телевизийн захирал Ц.Энхбат,  МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хүүхэд залуусын хүсэл болсон хөл бөмбөгийн тэмцээнийг цаг алдалгүй шууд дамжуулах алтан боломжийг нээж өглөө. Зуны турш хөл бөмбөг сонирхогчидыг уйдаахгүй олон үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг 330 суманд хөл бөмбөгийн асар барьж шууд дамжуулан үзүүлэх юм байна.

А. Мөнхбат: “Хөлбөмбөг бол дэлхийн спорт. Тиймээс ч бүх насныхан дуртай, сонирхон үздэг. “Fifa world cup 2014”-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах гэж буй ETV телевизийн хамт олонтой хамтарч ажиллахаар болсондоо баяртай байна, энэ ажил бол МЗХ-ны “Спирт үү, Спорт уу” аяны хүрээнд хийгдэх томоохон ажлуудын нэг бөгөөд “Сумын залуус” төсөлд оролцож байгаа залуучууд зохион байгуулж хийхээрээ онцлог юм” гэлээ.  

Ц.Энхбат : “Монголын хамгийн том төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Спорт бол эрч хүч. Спиртээр биш спортоор амьсгалцгаая. Бид цаашдаа хөтөлбөрийн дагуу бүх дүүрэг, аймагт хөл бөмбөгийн спортоор тодорхой ажлуудыг хийх болно. Залуучуудыг спиртээр биш спортоор амьсгалцгаая гэж уриалмаар байна” хэмээн онцолсон юм.