Төрийн хөрөнгө оруулалт, тендерийн асуудлыг зохи­цуулдаг бие даасан байгууллага байгуулахыг УИХ-ын гишүү­дийн зарим нь дэмжсэн бол, нэг хэсэг нь эсэргүүцэж байв.

Засгийн газар төрийн бүх тендерийг зарлаж, шалгаруулах, зохион байгуулах бие даасан тусдаа байгууллага байгуулах төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь орон нутагт хийж буй ажлыг түргэвчлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь хийх боломжийг олгоно гэж Засгийн газар тайлбарлаж байна. Энэхүү төслийг өчиг­дөр УИХ-ын нэгдсэн чуул­ганаар хэлэлцсэн бөгөөд, танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Төрийн хөрөнгө оруулалт, тендерийн асуудлыг зохи­цуулдаг бие даасан байгууллага байгуулахыг УИХ-ын гишүү­дийн зарим нь дэмжсэн бол, нэг хэсэг нь эсэргүүцэж байв.

Тухайлбал Х.Болорчулуун “Миний хувьд дэмжихгүй байна. Ерөнхий сайдын хажууд худалдан авах ажиллагаа төвлөрөхөөр нэлээд бэрхшээл үүсэх болов уу гэж харж байна. Орон нутагт хийгдэх тендерийг орон нутагт явуулмаар байна. Энэ жилийн тендерийг харахад орон нутагт зарлагдсан тендер нь хугацаандаа ажлаа хийгээд дуусгадаг. Гэтэл төвд зарлагдсан нь хийгдэхгүй байна. Тэгэхгүй бол хөрөнгө мөнгөний төвлөрлөө дагаад иргэд Улаанбаатар руу шилжээд байна. Орон нутаг зарлагдсан тендерийг төвийн компаниуд булаагаад авчихдаг нь буруу. Улсын төсөвт суулгасан тендер төвд зарлагдах юм байна. Эрх мэдлийг дэргэдээ авчраад төвлөрлийг бий болгож болохгүй” хэмээн буруутгав. Харин агентлаг байгуулахыг дэмжиж байгаа ч тэр нь Ерөнхий сайдын мэдэлд байхыг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь Ц.Мөнх-Оргил. “Уг нь энэ талаар хууль санаачлагчаас асуумаар байх юм. Засгийн газраас нэг ч хүн алга. Ерөнхий сайдад Худалдан авалттай холбоотой тендерийн маргаан, хэрүүл шуугианыг шийдээд явах цаг байна уу. Гэтэл энэ асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүн алга. Асуудал оруулж ирчихээд алга болчих юм. Ерөнхий сайд нь бүх тендерийг хариуцах нь зөв үү. ТӨБЗГ нь Ерөнхий сайдын мэдэлд байгааг мэдэж байна.

Гэхдээ бүх худалдан авалт Ерөнхий сайдын хяналтад очно гэдэг нь бүх хэрүүл маргаан дагаж очно гэсэн үг шүү дээ. Шадар сайд юм уу, Сангийн яамны харъяа байж болоогүй юу” хэмээн асуулаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар бүх яам, аймаг орон нутагт холбоотой асуудал Ерөнхий сайд дээрээ нэгтгэгдээд явах нь зүйтэй аж. Тэрбээр “ Би Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо хамгаалж ярина. Хэл амнаас айгаад суугаад байвал улсын ажил явахгүй. Харин ч бүрэн эрх мэдэлтэй байгаа Ерөнхий сайд бүх ажлаа мэдээд түргэн шуурхай шийдэж явах нь зүйтэй гэж бодож байна. Хамгийн гол нь тендер, худалдан авалтыг цахимжуулаасай гэж бодож байна” хэмээн тайлбарлав.

Энэ жилийн тендер зарласан ажлуудын гүйцэтгэл ердөө 40 хувьтай байна. Энэ нь ажил гүйцэтгэх чадваргүй компанийг ар өврийн хаал­гаар шалгаруулсантай хол­боо­той аж. Өөрөөр хэлбэл танил талаараа тендер авсан “цүнхний компани”-ууд улсын ажлыг унагадагтай холбоотой. Тиймээс тендер зохион бай­гуулах, шалгаруулах эрх мэдлийг хэнд олгох вэ гэдгээс илүү хариуцлагын асуудлыг холбогдох хуульд нь оруулж өгөх цаг болсныг гишүүд хөндлөө.

Сайд Ч.Хүрэлбаатар “Даат­галын тухай, хариуцлагын тухай асуудал маш чухал. Гадны зээл тусламжаар хийгдэж байгаа ажлууд зайлшгүй даатгагддаг. Түүнд нь бас чамгүй мөнгө явчихдаг. Монголд тендерээр барилга барина гээд орж ирсэн компаниудыг даат­галд хамруулбал, анхнаас нь барилга барих дээр нь хяналт тавигдахаас гадна, галын эрсдэлээс хамгаалагдсан барилга баригдана. Энэ чиг­лэлээр Ажлын хэсэг гаргаад ажлуулж байгаа. Энэ асуудлыг сарын дотор цэгцлээд УИХ-д оруулна гэж бодож байна” гэсэн юм.

Гишүүд үг хэлж дууссанаар Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүү­дийн олонх нь дэмжив.

С.Батсайхан /ЗГМ