Хамтрагчдаа сая хүрэхгүй төгрөг төлж чадахгүй луу унжин, хэл ам таталж байсан, хэний ч мэдэхгүй “Жаст групп” гэдэг компанийн захирал Ш.Батхүү гэх залуу энэ явдлаас хэдхэн сарын дараа Монголын хамгийн амжилттай бизнесмен болж хувирсан нь ямар гээчийн шидийг олж, тэнгэрээс од шүүрэв гэж бизнесийнхэн төдийгүй олон нийт хүртэл өвөр хоорондоо ярьж байсан юм даг. Бүхэл бүтэн банк худалдан авч, Монголыг хэрсэн махны үйлдвэр, шатахуун түгээх станц, агуулахын сүлжээтэй болсон. Тэр ч бүү хэл, нөөцөөрөө гадаад, дотоодынхны шүлсийг асгаруулсан Олон овоотын алтны ордын лицензийг халаасалсан байдаг. Бараг нүд ирмэхийн зуур Монголын шилдэг бизнесмен, чинээлэг хүмүүсийн нэг болсон энэ эр эцэстээ хэн болж хувирсан, одоо ямархуу байдалтай байгааг хүмүүс мэдэх хойно олныг нуршаад илүү биз. Төлбөрийн чадваргүй, дампуурахдаа тулаад байсан “Жаст групп” компани, хэн ч танихгүй шахам Ш.Батхүү бизнесийн дээд эрэмбэд хэдхэн сарын дотор хэрхэн гарав гэдэг нь сонин. Түүнийг ийн богино хугацаанд хөрөнгөжсөнийг Ерөнхий сайд асан нэгэнтэй холбоотой гэж тухайн үед ярьдаг байсан. Бизнесийн ертөнцөд богино хугацаанд гарч ирсэн шигээ тэрбээр нэг л өдөр арчигдсан билээ.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хэцүү нэртэд сууж буй энэ хүний өдүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөд дуусаж, Монголын хууль сахиулах байгууллагынхан хүссэн хүсээгүй суллах гэж байгаа талаар хэвлэлд мэдээлэх болов. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан энэ талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Харин шүүх, прокурорынхон Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй хэмээж байгаа.

Ашиглалтад орсон цагаасаа Монголын эдийн засгийн зүтгүүр болж ирсэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”-ын эрх бүхий хүмүүсээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 110 сая ам.доллар зээлж (зарим мэдээллээр түүнийг 160 сая ам.доллар зээлсэн гэдэг ч 50 сая нь хаачсан нь тодорхойгүй. Магадгүй зээлийн баталгаа гаргасан, гаргаагүй хэмээж буй албан тушаалтнуудад өгсөн байх гэх хардлага нийгэмд бий) түүнийгээ төлөөгүйгээс Монгол Улс арбитрын шүүхэд ялагдаж, саалийн ганц “үнээгээ” тавиад туучихдаа тулсан. Эрх баригчид дээр дооргүй сандарч, эцэст нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц сангаас 40 сая ам.доллар гаргуулан, зуучлагч байгууллагаар дамжуулан төлсөн билээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Жаст групп” ХХК нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банканд хүү, алдангийн хамт 17.9 сая гаруй евро төлөхөөр болжээ

“Стандарт” банкны өрийг барагдуулж, саалийн ганц “үнээгээ” бойнд өгчихлгүй авч үлдсэн тухайгаа Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар дайнд ялсан баатар аятай ам уралдан баяртайгаар мэдэгдсэн. “Жаст групп” ХХК-ийн өмнөөс төлсөн дээрх 40 сая ам.долларыг тус компанийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах замаар улсыг хохиролгүй болгоно гэдгээ ч тэд хэлсэн. Гэвч энэ нь гал унтраах төдий түр зуурын арга хэмжээ байсан нь тодорхой болов. “Жаст”-ын Ш.Батхүүгээс Засгийн газар сэтэрхий тэвнэ ч авч чадахгүйд хүрч мэдэхээр байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу