Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хамтарсан компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу Эрднэс-Тавантолгой ХК хамтарсан компанийн нийт хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд түүнд ноогдох хөрөнгийг оруулах шаардлагатай болж байна. “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулахад хувь нийлүүлэгчид компанийн дүрмийн санд эхний ээлжинд 500,000 ам.долларын хэмжээний хөрөнгийг тус тусын хувьцааны тоогоор төвлөрүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.