Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд төмөр замтай холбоотой баримтад киноны зураг авалттай говьд яваа. Төрийн тэргүүн маань салбарын сайд, гишүүдээс гадна “Hero” студийнхэн гээд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй төмөр замын трассаар явж кинонд “тоглож” буй. Гэтэл арлын оронд бас нэг “Ерөнхийлөгч” гарч ирэх нь тэр.

Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон улсын цог жавхлант хаан Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцсоныг гадны хэвлэл онцлохдоо  “Ерөнхийлөгч” хэмээжээ. 

 

Ерөнхий сайдын саарал дээлтэй ганган зургийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэмээсэн сонины хуудас сошиал орчинд баахан “од” болов. Эндээс харвал нээрэн л Ерөнхийлөгч кинонд, “Ерөнхийлөгч” Японд заларч яваа мэт.

Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар өндөр соёл, хариуцлагатай гадны хэвлэлүүд ингэж андуурна гэдэг бараг л үгүй. Харин манай төрийн ёслолынхон л тааруухан ажиллаж, ойлгомжгүй мэдээлэл өгсөн юм уу гэх юм билээ. Арлын оронд хүртэл андуурагдаад байгаа жинхэнэ Ерөнхийлөгч маань тэр өдөр эх орондоо байсан шүү.

 

C.Уянга

Эх суралж: "Зууны мэдээ" сонин