Манай улсад охид, эмэгтэйчүүдээ хүчирхийлэлээс ангид байлгахын тулд дуу хоолойгоо нэгтгэж буй. Гэтэл сүүлийн өдрүүдэд  сэтгэл сэртхийлгэсэн мэдээ олон нийтийг цочирдуулаад байна. Тодруулбал, эрдэм номын мөрийг хөөлгөх тангараг өргөсөн багш хүн сурагчаа садар самуунд уруу татжээ. 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самуун сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгасан юм. Улмаар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самуун сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-д заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. 

Эл хэргийг шалгах ажиллагаа дуусаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Дунд сургуулийн багш ажилтай, 57 настай, эрэгтэй Э гэгч сурагчдад давтлага өгөх нэрээр 17 настай, эрэгтэй Э гэх сурагчийг садар самуун үйлдэлд уруу татан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан юм. 

Мөн Их сургуулийн багш ажилтай, 35 настай, эрэгтэй С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглаж, олон удаагийн үйлдлээр 12-16 насны долоон охиныг садар самуунд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгасан байна.

Ийнхүү багш нар нь хүртэл сурагчдыг айдас, хүйдэст автуулж байгаа нь харамсалтай. Тангараг өргөсөн олон мянган багш нарын нэр хүндийг дээрх хоёр багш нар зүүсэн этгээдүүд унагаж орхилоо. БСШУЯ-ны сайд болон холбогдох албан тушаалтнууд юу хийж байна вэ? Хичээл заах бус гаж үйлдэл гаргаж буй багш нарыг шүүх зохих ёсны ялыг  нь  өгөөд явуулдаг юм байж. Харин ийм үйлдэл дахин гаргахгүй байх тал дээр хэрхэн яаж ажиллахыг яам толгойлж буй эрхэмийн мэдэх асуудал болж үлдлээ. Энэ салбарт ажиллаж байгаа багш нар цалингаа нэмүүлэх гээд сүр дуулиантай хурал зарлаж, жагсаал хүртэл хийчихдэг. Гэтэл сурагчдын эрх ашиг зөрчигдөж, цаашлаад эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод байхад ганц ч үг унагахгүй сууна.