Монголчууд хагас жилийг Дарханы зам засварт бухимдаж өнгөрүүллээ. Энэ чөлөөнөөр Дархан, Улаанбаатар хоорондын бүх зүйл дамлагдаж, татвар татаасууд иргэдийг туйлдуулав. Хот хоорондын жолооч нар зам муу нэрийдлээр зардлаа хоёр нугалж, шуудай гурил, ширхэг ногоо ч борлуулалтын үнээ хувиргасан. Тиймээс Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайт  “Нэг өдөр” буландаа Дарханы замын бодит төрхийг онцолж сурвалжиллаа.  

Засварт орох гэж хавар дөрөвдүгээр сараас эхлэн дуншсан Дарханы зам засвар хоёр сар гаруйн дараа эхэлсэн. Ингээд л энхэл донхолтой замаа шинэчилнэ гэж баярласан Монголчууд зургадугаар сараас хойш чилийтэл хүлээсээр хайруу өвөлтэй золголоо. Энэ хооронд салбарын сайд нь эхэндээ “80 см, дөрвөн эгнээ зам арваннэгдүгээр сард ашиглалтад орчихно” гэж байсан бол сүүлд “Зам засвар 18 хоногийн хоцрогдолтой явж байна” гэж мэдэгдэж байв. Харин өнөөдөр хэдэн 18 хоног өнгөрсөн сураг чимээ алга. Чухам хэдүйд ашиглалтад орох талаар албаныхан ам нээхээ болиод байна.

ГУРВАН САРЫН ХУГАЦААНД МАШИНДАА ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАР ХИЙЛГЭЖЭЭ

Бид үдээс хойш Сэлэнгэ явахаар Драгон төв дээр очив. Зорчигч тээврийн автобус өглөө явчихсан учраас суудлын тэрэгнээс өөр унаа байсангүй.  Харин өмнө нь 15-20 мянган төгрөгөөр явдаг байсан суудлын тэрэг 45 мянган төгрөг болгож үнээ хэд дахин нэмжээ. Дарханаар дамжаад явсан ч үнэ буурахгүй гэнэ. Яагаад ингэж огцом үнээ нэмсэн талаар тээврийн жолоочдоос асуухад “Зам засвартай учраас бид улаан тоосон дунд амь насаа эрсдэлд оруулан явж байна. Өглөөхөн Дарханаас хот руу ирж явахдаа замын чулуу үсрээд машины цонхоо хагалсан. Наашаа цаашаа явах болгондоо машинаа эвдэлж байна. Зуны гурван сард 2-3 сая төгрөгийн засвар хийлээ. Одоо машины шилээ дахиад үнэтэй солиулна. Үнээ нэмэгдүүлэхээс өөр ямар ч аргагүй” гэв. Мөн өдөр бүр дугуйгаа хагалж солиулж байгаа гэж халаглах жолоочид ч цөөнгүй байв.

Ингээд бид суудлын тэргэнд тавуулаа хөдөллөө. Баянчандмань өнгөрөөд шороон зам залгана. Гэтэл жаахан явж байгаад л мухар зам таараад буцах юм. Жолооч “Өглөө ирэхэд  энэ хэсгийг хаагаагүй байсан юм” гэж үглэсээр буцаад л явах. Заримдаа зам товчлох нэрээр эрэг, жалга руу хамаагүй харайлгана. Машин тэрэг цохигдож, донслох нь битгий хэл кабинд сууж яваа бид ч мөргөлдөх энүүхэнд. Зүүрмэглэх нь битгий хэл гарт ойр бүхнээс зуурсаар явах нэг л айдастай. Гэтэл  зам зуур байсхийгээд л дугуйгаа нөхсөн машинууд таарах юм. Дархан орох хүртэл замын хажууд дугуйгаа сольж буй 20-иод жолоочтой таарлаа. Дүрсвэл яг л бартаат замын уралдаанд оролцож, машин нь саатсан өрсөлдөгчид хаа сайгүй таарах мэт.

Зам засварын улаан шороон дунд осол аваар их гарч байгааг цагдаагийн байгууллага зуны турш сэрэмжлүүлж ирсэн. Гэтэл дугуй нь хагарчихаад замын ойр зогсч байгаа машин тоосон дундаас тодорч үзэгдэх боломж хомс. Аваарын гэрэл ч харагдахгүй. Ийм үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас араас нь мөргөх, замын хажуу руу унах тохиолдол олон  гардгаас амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон нь цөөнгүй гэдгийг жолооч нарт толгой сэгсрэн өгүүлж байв.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ТАСАЛБАР ДАМЛАГДАЖ, СУУДЛЫН МАШИНЫХ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭВ 

Замын хүнээс үг сонсохнээ засвараас халширч, машин тэргээ гамнасан хүмүүс Дархан, Сэлэнгэ тийш зүглэхээс зүрхшээдэг болж. Төрийн байгууллагууд ч тэр зүгт томилолт бичихээ больсон гэх юм билээ. Гэтэл гурван улиралын турш хөлсөө дуслуулсан тариачдын хөдөлмөр энэ зун талаар болсон. Хэдэн сарын хөдөлмөрөө бараг үнэгүй өгөөд “шатчихлаа” гэж цөхөрч халагласан ногоочид энэ намар нийслэлээр дүүрэн байв даа. Тээвэрлэлтийн зардал хэд дахин нэмэгдэж, замын бартаанд ногоочид мөн ч их хохирол амсчээ. “Өмнөх жилүүдэд нэг тонн ногоог 80 мянган төгрөгөөр тээвэрлүүлдэг байсан бол энэ жил 120-140 мянган төгрөг төлсөн. Гурван тонн тарвас Улаанбаатар  хот руу тээвэрлэхэд талаас илүү нь хагарчихлаа” гэж цөхөрсөн ногоочид олон байсан. Сүүлдээ Сэлэнгэ-Улаанбаатар хот чиглэлийн тээврийн автобус шөнө явах боломжгүй болж өдөрт ганцхан удаа явдаг болсноор иргэдийн эрэлт улам ихсэв. Хүмүүс машинаа эвдэхээс сэрэмжилж басхүү хамгийн аюулгүйгээр нь галт тэргэнд суухыг илүүд үзэж байна. Гэтэл тасалбар нь долоо хоногийн өмнө дуусч, дамлагддаг болоод удаж буйг иргэд хэллээ. Тэр бүү хэл хот руу 5000 төгрөгөөр дайж явуулдаг байсан дугтуйтай бичгийг 8000 төгрөгөөр авч явдаг болсон гэнэ. Энэ талаар Сэлэнгийн иргэн “Хот хоорондын зорчигч тээврийн автобус өглөө ганцхан удаа явж байгаа болохоор билет олдохгүй. Галт тэргэнд сууя гэхээр тасалбар нь дууссан байдаг. Гэтэл хүмүүс хэд хэдээр нь урьдчилж авчихаад үнэ нэмж зарж байна. Хот хооронд явахад үнэхээр бэрхшээлтэй. Ногоочдоос эхлээд олон хүн эдийн засгаар хохирлоо” гэсэн юм. Ингэж л Сэлэнгэ, Дарханы чиглэл иргэдийн нуруун дээр давхар татаастай бүтэн хоёр улирлыг барлаа. Олон ч иргэн эд хөрөнгө, бизнес, амь насаараа хохирч байна. Энэ бүхнийг мэддэг бол Дарханы замыг даруй дуусгаасай гэж залбирах иргэд олон байна. Манайд төлөвлөсөн ажил нь хугацаандаа эхэлж дуусдаг, энгийн иргэдийнхээ нуруун дээр хүнд дарамт учруулдаггүй бол мөн ч сайхан аа гэж өөрийн эрхгүй бодогдох юм билээ. Ямартаа ч бүтээн байгуулалт  нь эхэлсэн хойно нэг л нартай өдөр тууз хайчлах цаг ирэх биз ээ. Харин битгий удаасай.

Эх сурвалж: www.polit.mn