Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дархлаажлуулалтын ээлжит 10 хоногийн ажлыг эхлүүлэх гэж байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 363 тоот тушаалаар дархлаажуулалтын арван хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатайгаар 2013 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахаар боллоо.

 Энэ 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар, Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар 1 сарын зайтай 2 удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 363 тоот тушаалын дагуу 2014 оны хичээлийн жилээс эхлэн анагаахын их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинд хамруулж байхыг ХӨСҮТ, тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, сургуулийн захирал нарт даалгасан байна.