Цагдаагийн байгууллага дуураймал эртний эдлэл зарж, иргэдийг залилж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ. Тодруулбал, “БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авсан байна.

Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан бөгөөд хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 грамм шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай, үнэ цэнэтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.

Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирэхдээ цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл хэмээн гаальд мэдүүлсэн байна. Тухайн эд зүйлсийг Геологийн төв лаборатори, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох нь тогтоогджээ.

Иймд эртний эдлэл сонирхогчид энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэв.