Монголын Эзэнт гүрэн хийгээд Bонголчуудын байлдан дагуулалт, соёл иргэншил, түүх зан заншил, угсаатны зүй зэргийг Ази Европын өргөн уудам нутагт судалж, тал талаас нь үнэлэлт дүгнэлт өгсөн ном бүтээл гаргасан нь тоймгүй. Нэг хэсэг нь ад үзэж түүх гуйвуулан бичнэ. Нөгөө хэсэг нь адил төстэй бүхнээ өргөн товойлгож Монгол угсаатны "тасарсан элэг, үсэрсэн цус" хэмээн өөрсдийгөө өргөмжилж их үндэстний дургүйг хүргэнэ. Тэр бүхнийг буруу гэх арга байхгүй. Том гүрний түүх өөрийн хэмжээгээрээ үлдэж, дарагдсаныг хорсгож, дагалдсаныг баярлуулж, хамтарсныг бахархуулсаар байдаг нь жам ёсны хэрэг мэт.

Түүх гэдэг мууллаа гэж устаж үгүй болдоггүй, магтлаа гээд үнэн төрхөө алддаггүй хөдөлшгүй голч чанар юм. Дэлхийн түүхийг үзье гэвэл Монголын түүхийг судлах ёстой гэдэг нь зүгээр нэг амны дэмээр гараад ирсэн үг биш.

Ялангуяа Ази Европын түүхийн хариу нэхсэн асуудалд Монголын түүхээс уг сурвалжийг нь нээж олохгүйгээр хариулт өгөх боломжгүй байгаа нь нууц биш.

Иймд Эзэнт гүрний амин нутаг болсон Монголын газар нутагт археологи, антропологи, удам зүйн нарийвчилсан судалгаа хийж, шинэ мэдээ мэдээлэл олох шаардлага нэмэгдэж байна. Тэр дундаа удам зүйн талаас нухацтай олон асуудал хариу нэхэж байгаа аж. Тухайлбал, хөх толботой бүхэн Монгол угсаатан мөн үү, Солонгос, Япон, Монгол угсаатнууд гарвал нэгтэй юу, Монголчуудын генийн тархац хэр байна вэ, Чингис хааны У-ДНК-г тээж яваа хүн хэр олон байна вэ, Төмөр хаан барлас овгийн Монгол хүн байсан уу, Туркууд яагаад Төмөр хааныг Монгол хүн биш гэдэг вэ, Монголчуудтай генийн хувьд хамгийн ойр “төрөл” ямар үндэстэн байна вэ зэрэг олон асуултууд бийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

Зарим орны эрдэмтэд Монголчууд генээ хүчирхийллийн аргаар тараасан гэх буюу Монголчуудтай холбоотой нэг супер ген олдсоныг үгүйсгэж байна. Энэ бүхэнд генетикийн нарийвчилсан судалгаа л хариу өгч чадах аж.

 

МОНГОЛЧУУДЫН ГЕН

Орчин үед генетикчид улс үндэстний генийг У-ДНК тестийн аргаар хэсэглэн тогтоож байгаа аж. Энэ аргаар авч үзэхэд дэлхийн хүн амын 90 хувь нь гаплоггрупп Р-ээс салбарласан байна. Үлдсэн нь С-гээс гарсан гэсэн үг. Эрдэмтэд “Нийт хүн төрөлхтөн Африктивээс гараагүй, Гаплогрупп А-аас салбарласан А ген нь В, СТ гэж хуваагдаад Ст нь С, F, Д, Е хэмээн салдаг /Б.Хэрлэн/ хэмээнэ.

Тухайлбал, Монголчуудын У-ДНК гаплогрупп нь СЗ аж. Энэ нь С хэмээх ДНК-гаас үүсэлтэй гэж үзнэ.

Монголчууд хөрш зэргэлдээ олон зуун жил оршиж ирсэн Хятад, Солонгос, Төвд, Япон зэрэг Азийн бусад орноос зан заншил, хэл яриа, сэтгэлгээ, соёлоороо их зөрүүтэй, тэс өөр хэв шинж нь генийн гарлаасаа болдог бололтой. Чухамдаа тэдгээр орнуудын хүн амын ген нь гаплогрупп Р-ээс гаралтай гэнэ. Эрдэмтэд гаплогрупп Р, С хоёр нь 60.000 жилийн өмнө салсан гэж үздэг.

Монголчуудын дийлэнх хувьд нь тээгдэж байгаа У-ДНК гаплогруппт С-3 нь ямар хэмжээний тархалттай байдаг юм бэ? Ямар үндэстэн Монголчуудтай ДНК-гийн хувьд хамгийн ойр вэ гэдэг асуулт гарч ирнэ. 2000 оноос хойш хийгдсэн судалгаагаар У-ДНК гаплогрупп С-3 нь Монгол, Өвөрмонгол, Казак, Оросын буриад, Халимаг, Монголын буриад, Хазара, Даур, Каракалпак Киргыз, Узбек, Азарбайжен, Оросын Алтай, Солонгос, Баонань, Денсиан, Якут, Төвд, Турк зэрэг угсаатнуудтай тодорхой хувьд тээгдэж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, Халхын хүн амын 57 хувь, Өвөрмонголын 37 хувь, Казакын 66 хувь, Оросын буриадын 60.5 хувь, Халимагийн 61 хувь, Хазарагийн 30 хувь, Каракалпакийн 22 хувьд У-ДНК гаплогрупп С-3 ген хадгалагдан тээгдэж байгаа гэнэ

Эндээс харахад Монголчуудтай генийн хувьд маш ойр угсаатан нь Казак болох нь тодорхой харагдаж байна. Гэвч Европын зарим түүхчид Монгол, Казак угсаатны генийн нарийн учир холбогдлыг тогтоохыг үл ойшоож “Монголчуудын байлдан дагуулалтын үед хүчирхийлэгдэж казакын охид эмэгтэйчүүд олноороо жирэмсэлсэн учир ази төрхтэй болсон” хэмээн өнгөц дүгнэлт хийж эхэлжээ.

Тухайлбал, Оросын судлаач Сергей Каржавин “Европ гаралтай Казак үндэстэн гаплогрупп С-З-тай байгаа нь Зүүнгарын Хаант улсад эзлэгдэн хүчирхийлэгдсэнээс болсон юм. Харин орчин цагийн Монголчууд бол эртний монголчууд биш Манж, Хятадын эрлийзүүд юм” гэж бодлогогүйгээр дүгнэсэн нь ШУ-нд халтай хэрэг болсон аж.

Гэвч дээр өгүүлсэн судалгааны дүн нь Монгол улсыг тойрсон 16 улсын 26 угсаатны дунд өндөр нарийвчлалт тестерээр явуулсан учраас үл хүлээн зөвшөөрөгдөх зүйл байсангүй. Харин ганцхан Монгол, Казак угсаатны ген бусад угсаатнаас маш ойр байгааг зөвхөн Монголчуудын байлдан дагуулалттай холбож хариулах нь учир дутагдалтай юм. Мөн зарим казак судлаач “Нууц товчоо”-ы эхэнд “Бөртэ-чину, гэргий гоо Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эхэнд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүн төрүүлжээ” гэснийг казак нутгаас ирсэн мэтээр тайлбарлаж Чингис хааныг цэнхэр нүдтэй, казак угсаатан хүн байсан хэмээн үзэж байсан нь саяхан. Энэ мэт хэт эндүүрэлд сүүлийн үеийн генетик судалгааны үр дүн удахгүй бүрэн хариу өгөх болно

 

МОНГОЛ ГЕНИЙН ТАРХАЛТЫН СУДАЛГААНЫ НААНА, ЦААНА

 

Бидний дунд генетикийн шинжилгээний дүн харалгүй хөх толботой л бол Монголтой угсаа нэгтэй, монгол хэлээр ярьдаг л бол яс, цус нэгтэй гэж үздэг Пан монголист хандлага бий. Гэвч хөх толбо гэгч нь үнэндээ монгол угсаатны ямар ч гол шинжийг илэрхийлдэггүй аж. Солонгос, Япон хүмүүсттөдийгүй Африк хүмүүст ч хөх толбо бийг генетикчид хэлдэг. Мөн манайхан Баонань, Дансиан, Монгур зэрэг үндэстнүүдийг монгол хэлээр ярьдгаар нь угсаа нэгтэй гэж үздэг нь том эндүүрэл аж. Эдгээр үндэстнүүд нь Эзэнт гүрний үед элдэв ажилд дайчлагдан монгол хэл сурснаас бус цусны монголчууд биш гэдгийг тэмдэглэж байна. Турк, Солонгос, Төвд, Волгын Татаруудын дунд ч ийм хүмүүс цөөнгүй гэнэ. Тэгэхээр гаплогрупп С-3 бүхий түрэг-монгол хүмүүсийн царайны төрх байдал нь хамар нь их зөв хэлбэртэй өндөр, шанаа, эрүү өргөнтэй байдгийг эрдэмтэд өгүүлсэн байна. Ялангуяа Монголчуудын хамар Азийн бусад орнуудын навтгар, хэлбэр тааруу онгорхой, сартгар хамартнуудаасаа эрс ялгардгийг тэмдэглэжээ. Дээр нь Монголчуудын тас хар үс, хонин бор нүд онцгой. Гэхдээ үс болоод нүдний өнгө яаж ч солигддогийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Казакуудын дунд хар үстэй, бор нүдтэй хүмүүс зөндөө байдгийг бид мэднэ. Энэ мэтээр монголчуудын У-ДНК С-З-ийн шинж чанар холбоо хамаарлыг тогтоосоор байна. Улмаар Их Монгол улсын үед бүртгэгдсэн Гурван гол, Орхоны хөндий, Хөлөн буйр зэрэг нутгуудад нутаглаж байсан аймгуудынхан нь 100 хувь У-ДНК С-3 гентэй байсныг тогтоожээ. Цаашлаад Ойрад, Онгут, Казакын Үлы /их/, Кышы /бага/, Жүд /Зуут/-ын олон аймгуудынхан С-З-тай байсан аж. Тэгэхээр Монгол, Казак хоёр угсаатны У-ДНК нь хамгийн ойр байгаагийн шалтгааныг эртний хөх түрэгчүүд, Есөн онгуз, Гучин татар, Эртний Уйгар зэрэг аймгуудын ДНК-гаас хайх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна. Иймд тэд Орхоны хөндийд орших Хөх түрэг болон Уйгаруудын булшнаас ДНК-гийн шинжилгээ авахыг чухалчилж байгаа аж.

 

ЭЗЭН ЧИНГИСИЙН УДМЫНХНЫ ГЕН

Монголчуудын гений судалгааны дотор Эзэн Чингисийн удмын генийг олж тогтоох асуудал онцгой байр эзэлж байна. Энэ чиглэлийн судалгаанд Казакстаны судлаач Жаксылык Сабитов онцгой анхаарал тавин ажиллажээ. Мөн Монголын био анагаахын инженер, генетикч Б.Хэрлэн Жебитовтой холбоотой ажилласан аж. Энэ судалгаанд Чингис хааны ясны төрлийн олон хүмүүсийг хамруулсан нь сонин.

Тухайлбал: Зүчи хааны Шайбаны хүүгийн удмынхан, Батмөнх Даян хааны Мандухай хатнаас гарсан Төрболд, Алчиболд, бусад хатнаас төрсөн Гэрсэнз, Хунтайжийнхан, түүний удам Сайн ноён ханыхан нарыг хамруулж иржээ. Мөн хорчноос Хасарын удмын тайж язгууртай залуу болон Энэтхэгээс Барлас овгийн Доголон Төмөр хааны удмын 10 хүний У-ДНК-г авч судалгаанд ашиглажээ. Улмаар эртний Нирун овгийн Хатагин, Дулай, Мангад, Бэсүд нарыг ч судалгаанд хамруулан ажилласан. Ингэж өргөн хүрээний өгөгдөлтэй судалгаа явуулснаар Чингис хааны удмын супер генийг тогтооход том апхам хийжээ. Судлаач Б.Хэрлэн нэгэн тэмдэглэлдээ “Би Чингис хааны гэгдэх У-ДНК кодыг 12 маркерын хайлт дээр үзэхэд 116 хүн олдсон. Харин 25 маркерын хайлт дээр үзэхэд ердөө 14 хүн болж цөөрсөн” хэмээн өгүүлжээ. Эндээс үзэхэд илүү өндөр үзүүлэлттэй маркерээр хайлт хийвэл уул тоо улам цөөрч мэдэх байдал ажиглагдаж байна. Ямартаа ч Чингис хааны ясны удмын хүн дэлхийд маш цөөхөн байгаа гэсэн дүгнэлт хийж болно.

Эцэст нь тэмдэглэхэд дэлхийн хүн амын 90 хувь нь гаплогрупп Р-гээс салбарласан гэж өгүүлсэн. Харин үлдсэн 10 хувь болох гаплогрупп С-гээс салбарласан гэгдэх бидний У-ДНК гаплогрупп С-3 нь үндсэндээ “Улаан ном”-д орохоор болж байна. Иймд Монгол хүний генийн удмын санг анхаарахгүй юмуу, анхаарсан ч хайнга хандаж болохгүй мэт. Энд дахин тэмдэглэхэд Монголчуудын 57% нь удмын гентэйгээ, 10% нь Индо-Европ зүгийн мэт ДНК-тай үлдсэн хэсэгт Хятад, Солонгос зэрэг орны гаплогрупп Р генийн удам орж ирсэн байгаа аж. Дээр нь үеэлүүд хоорондоо гэрлэх нь олширч удамшлын болон цус ойртох өвчин зугуухан хүрээгээ тэлсээр байна. Энэ нь гадны геополитикийн аюулаас илүү “Биополитик”-ийн далд хөнөөл нүүрлэн буйг илтгэх аж. Яалтай ч билээ.

 

 

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Н.Даваадаш