Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганган гацуур, өнгө өнгийн салют, баярын оргилуун дарс гээд бүх зүйл нэг л сайхан. Тэр дундаа энэхүү онцгой баярын тухай дуулсан уран бүтээлүүд чихнээ сонстох төдий сэтгэл гэгэлзээд цаанаа догдлоостой байдаг билээ. Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Тэр дотроо бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ энэ удаад бид шив шинэхэн уран бүтээлийг онцолж байна.

 “Учралын намар”, “Миний нандин”, “Үлэмжийн гоо” зэрэг дуунуудаар аль хэдийнэ бидний танил болсон “Нандин”  гэдэг үгийг трэнд болгоод байгаа дуучин Ганболдын Дэлгэрцогтын шинэхэн уран бүтээл  мэндэлжээ. МУГЖ Ч.Насантогтохын шавь тэрээр уран бүтээл бүрт өөрийн сэтгэл зүрхээ шингээн “чанар”-ыг эрхэмлэдэг, шинэ уран бүтээл нь өнгөлөг, гэгээлэг сайхан болсон гэж фенүүд нь ам сайтай байна.

“Ид шидийн ертөнцийг яруу найрагч сэдэж, хөгжмийн зохиолч амилуулан, амилсан тэр шидэт дууг дуучин шувуухай ард олонд хүргэдэг. “Шинэ жил” уран бүтээлийг шүлгийг Б.Ариунтөгс бичсэн бол хөгжмийг “Аянга” студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд бичиж, клипийг 2B ENTERTAINMENT-ийн хамт олон бүтээжээ.

Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуу нэгээр нэмэгдлээ. Ингээд та бүхэнд дуучин Г.Дэлгэрцогтын шинэ уран бүтээл “Шинэ жил” дууг хүргэж байна.