Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзлаа.

Шүүх хуралдааны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өчигдөр сүүлийн хагас жилийн хугацаанд над руу дайрсан гүтгэлгүүдэд миний бие хариу тайлбар өгсөн. Уг нь хуулийн байгууллагаас тайлбар хийх ёстой байсан чимээгүй байсаар байгаа нь олон нийтэд намайг хэрэг хийсэн мэтээр харуулах сонирхолтой байсан шиг санагдсан.

Нэг зүйлийг хэлэхэд Г.Батхүү агсныг нас барсантай холбоотойгоор хэн нэгнийг яллагдагчаар татах нь байтугай эрүүгийн хэрэг ч үүсгээгүй.

Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн байгууллага гүтгээд байгааг би прокуророос асуусан. Гэтэл прокуророос юу ч хэлж чадахгүй байна. Үүнийг дахиж надтай холбож бүү яриарай.

Сая болсон шүүх хурлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокурорын байгууллагаас ирүүлснийг хэлэлцсэн. Шүүх хүлээж авалгүй татгалзалаа. Шүүх шударга байлаа, үүнд талархаж байна" гэв.