2009 онд “Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан “Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн мюзикл хэлбэрийн жүжиг тайзнаа тавих гэж байна.

“Гэнэтийн бэлэг” хэмээх сонирхол татам нэртэй уг жүжгийн төрөл жанрыг уран бүтээлчид нь романтик инээдмийн болон хөгжимт драммын хэмээн онцолж байна. Жүжгийн зохиолыг зохиолч Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн бол ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажиллаж байна. Харин жүжгийн дүрүүдэд монголын анхаарал татам жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох юм.

Тухайлбал, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар нэгдэн тоглох ажээ.

Энэхүү жүжгийн дуу тун саяхан цацагдсан бөгөөд “Энэ дурлал гайхамшигтай” хэмээх дууг “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, “Киви” хамтлагийн дуучин Ука нар хамтран дуулжээ. Тус дууны аяыг хөгжмийн продюсер Оки, шүлгийг “Такт продюсинг”-ийн продюсер Г.Мөнхжаргал бичжээ. Дууны хувьд жинхэнэ хайр дурлалыг магтан дуулсан болохоор үзэгч, сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Цоо шинэ өнгө төрх агуулсан энэхүү жүжиг нь 4 дүгээр сарын 11-нд нээлтээ хийн өдөр бүр "Тусгаар Тогтнолын Ордон"-ы тайзнаа тоглогдож эхлэх юм байна.