Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн техникийн шинэчлэлийн хүрээнд Өрөмдлөг, тэсэлгээний хэсэгт СБШ-250МНА-32 маркийн өрмийн машин шинээр угсрах ажил эхэллээ. ОХУ-д үйлдвэрлэгдсэн уг машиныг угсрах ажил 4 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд ирэх сарын 17-19-ний хооронд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж буй аж. Угсралтын ажлыг Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, Өрмийн засварын хэсгийн механик болон эрчим зүйчийн удирдлага дор нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад гүйцэтгэж байна. Ил уурхайнхан 2016 оноос хойш угсарч буй 3 дахь өрмийн машин нь энэхүү СБШ-250МНА-32 машин юм.

     “Энэ жил уурхайд 19,20 дугаартай хоёр ширхэг өрмийн машин шинээр угсарч ажилд гаргана. Эхний ээлжинд 20 дугаартай өрмийн машины угсралтыг эхлүүлээд байна. Дараагийн машин угсралт 3 дугаар улиралд хийгдэнэ” гэж Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн орлогч Б.Барсбаатар ярилаа.

    Шинээр угсарч буй машин нь хүчин чадлын хувьд өмнөх суурилагдсан машинуудтай адил боловч цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, жолоочийн ажлын байрны орчин нөхцөл сайжирч, удирдлага хяналтын самбарын систем илүү боловсронгуй, нарийвчлан хянах боломж бүрдсэн зэрэг олон давуу үзүүлэлттэй юм. Мөн уг машин нь нэгдсэн тосолгооны системтэй. Өөрөөр хэлбэл, техник тосолгоо, үйлчилгээний гар ажиллагааг халж, төвлөрсөн цэгээс бүх тосолгоог автоматаар хийх боломжтой аж. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөл дээшлэх, бүтээмж нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

     Өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхэн 2020 онд 473100 уртааш метр өрмийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй бол эхний сард 41500 уртааш метр өрөмдөн сарын төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс