МХЕГ-ын дарга Д.Батмөнх ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нар  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус хоёр байгууллага хамтран сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг нийтлэг ажлууд байгаа ч анхаарах хэд хэдэн асуудал байгааг МХЕГ-ын дарга Д.Батмөнх онцлов.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, импортоор орж ирж буй эм, зарим эмнэлгүүд дотоод журам дүрэм баталгаажилтийн стандартгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа зэрэгт анхаарч хамтран ажиллах хүсэлтээ ЭМЯ-нд уламжиллаа.

МХЕГ-аас хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар салбарын яамдад бичиг илгээхээр хариу ирүүлдэггүй, арга хэмжээ авдаггүй, эргэх холбоо байдаггүй нийтлэг зөрчил бий. Эдгээрийн дунд ЭМЯ ч хамрагдаж буй. Энэ явдлыг 2014 онд гаргахгүй байхыг энэ үеэр хүссэн байна. Зарим эмнэлэг шатлалын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлэх тохиолдол бий. Тиймээс цаашид эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн асуудлыг анхаарах хэрэгтэй, ариутгалын спиртийн хэрэглээг хянах шаардлагатай байгааг МХЕГ-ын дарга хэллээ.

Зарим тохиолдолд стандартуудыг хангуулах боломжгүй байдаг тухай ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга тайлбарласан юм. Учир нь Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа зарим стандарт нь бодит амьдралд нийцдэггүй байна. Өнгөрсөн оноос эхлэн тусгай зөвшөөрлийг хязгаарлах бодлого барьж байгаа ч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар юу юугүй хязгаарлах боломжгүй байгаа аж.

Х.Даваа