Залуучуудыг дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо энэ 3-р сарыг Клубүүдын сар болгон зарласан юм.

2014 оныг “Нэгдье” залуусаа уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд он гарсаар МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб, Хөлбөмбөг сонирхогч залуус клуб зэрэг нийт 12 клубыг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлж эхлүүлсэн байна.

3-р сарын хугацаанд их дээд сургууль, оюутны байраар явж залуусын сонирхлын олон клубууд байгуулах, идэвхижүүлэх тойрон аялал хийсэн бөгөөд нийт 15 клубыг шинээр байгуулж 200 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр клубүүдээ нэгтгэж баталгаажуулан гэрчилгээ олгож, мөн  “Цэмцгэр Цэцээ гүн”  явган аяллыг зохион байгууллаа. Клубын гишүүдээ танилцуулж, спиртыг биш спортыг дэмжиж нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор Манзушир, Цэцээ гүн, Манзушир гэсэн маршрутын дагуу явган аяллаар явсан юм.

Аялалд нийт 250 гаруй залуучууд оролцсон бөгөөд аялах явцдаа хог түүх олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Залуучуудын сэтгэлийг Цэцээ гүн хүртэлх замд тааралдсан хог хамгийн ихээр эмзэглүүлсэн бөгөөд “Иргэд маань хогоо хаяхгүй, байгаль дэлхийгээ цэмцгэр байлгацгаая” гэсэн уриалгыг гаргалаа. Энэхүү явган аялал цаашид тогтмол хийгдэх бөгөөд залуучууд идэвхитэй оролцож спиртыг биш спортыг сонгон, олон найз нөхөдтэй болж, өөрийн сонирхсон клубдээ элсэж, зорилго нэгт залуустай нэгдэж болох юм.