ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон" гэдгийг хэллээ. 

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүхээс тодруулахад  "ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарласан хяналтад орсон. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа" гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн.

ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна.

Ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоохоор олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдэж буй шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

3,000 гаруй хүнд сургалт явуулсан

Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар юм. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулжээ. Ингэхдээ 21 аймгийн бүх нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа талаар мэдээлэв.

Халдвар дамжих эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна.

Шувууны ханиад нь аюултай вирусээр үүсдэг гэдгийг ЗӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. 2003 оноос хойш 800 гаруй тохиолдол дэлхийн 17 улсад бүртгэгдэж, нас баралтын түвшин 50 гаруй хувьтай байгаа юм.