ЕБС-иудыг төгсөж, бүрэн дунд боловсролыг эзэмшсэн иргэн бүр их, дээд сургуульд суралцах болсон өнөө цагт "диплом"-той иргэд илүүдэж байна. Үүний тод жишээ нь ажилгүйчүүдийн ихэнхи нь диплом өвөртөлсөн иргэд байгаагаас хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэж байна.

Хөдөлмөр эрхэлдэггүй залуусын 58 хувь мэргэжилтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 47.3 хувь нь бүрэн дунд, 21.1 хувь нь дээд, 9.7 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой, 7.6 хувь нь суурь, 4.4 хувь нь дипломын дээд, 3.7 хувь нь бага, 3.5 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувь нь боловсролгүй юм байна. Дээд боловсролтой 21.1 хувийг нь авч үзвэл хамгийн их нь багш, нягтлан бодох бүртгэл, менежментийн чиглэлийн мэргэжилтэй иргэд байна.  Дараа нь эрх зүй, ХАА, барилга, үйлдвэрлэл, байгаль орчин, урлаг, программ хангамж, санхүү менежментийн мэргэжилтэй залуус ажилгүйчүүдийн тоог бүрдүүлж байна.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээл өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчнээр “цангаж” байгаа гэдэг нь ҮСХ-ны судалгаанаас тод харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсролын төвүүдээс төгсөөд гарч байгаа залуучуудын ажлын байранд зуучлагдсан нь их байдаг. Жишээлбэл, оёдол, засвар, гагнуурын чиглэлээр суралцаж байгаа залуучуудыг ажил олгогчид төгсөөгүй байхад нь санал тавиад ажилд авдаг байна. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр “Бүртгэлтэй ажилгүй иргэн 36 мянга байна. Харин Ажил олгогч эздийн холбооны өгсөн мэдээллээс 28 мянган хүний ажлын байрны зар зах зээл дээр бэлэн байна. Үүний шалтгаан их тодорхой. Ажил олгогчдын тавьдаг шаардлагад нийцдэг хүн ховор. Сул ажлын байр ажил хайгчдын мэргэжил ч дүйцэхгүй байна. Ажил олгогчид ажлын ачаалал даах, компанийнхаа төлөө итгэлтэй, гүйцэтгэл өндөртэй ажилчдыг бэлтгэж өгөөч гэж хүсдэг. Тэд өндөр боловсролоос илүү, тухайн хүний хандлага чухал байна. Ажлын ачаалал даадаг, үнэнч байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа юм. Мөн ажлын цаг баримталдаг, ажилдаа хариуцлагатай ханддаг хүнийг авахыг хүсдэг. Түүнчлэн мэргэжлийн сургалтад хамрагдсан байх гэдэг шаардлага байгаа юм” гэлээ.