Хөгжмийн урлаг тэр дундаа Монголын рок попын үүсгэн байгуулагчдын нэгэн үеийнхэн нэгдэн “Ахмадын золбоо” хамтлаг байгуулжээ.

Олон жил ард түмний сэтгэл зүрхийг уярааж яваа Монголын шилдэг зургаан хөгжмийн зохиолчийн 3000 гаруй дуунаас шилэгдэн сонгогдсон “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтыг сонсогч, үзэгчдэдээ зориулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

Тус тоглолтонд монголын хөгжмийн ертөнцөд өөр өөрсдийн орон зайг мөнхөлж чадсан зургаан гавьяат буюу МУУГЗ Б.Долгион, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУГЖ хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУСГЗ хөгжмийн зохиолч И.Болоож, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нар оролцоно. Энэхүү тоглолтын дуу хөгжим, гэрэл, техникийн хангамж үйлчилгээг “Тотал мюзик” компани, зохион байгуулалт найруулга дээр “Жи интертайнмент” хариуцан ажиллах юм.

Тоглолт ирэх тавдугаар сарын 3, 4-ний өдөр “UB palace”-т болно. Энэхүү тоглолтын талаар хөгжмийн зохиолч Б.Долгион "Нойргүй хоносон зургаан нот" тоглолтоороо бид өөрсдийн зохиосон хөгжмийн уран бүтээлээ олон нийтэд хүргэнэ. Энд дуулагдах дуунууд бол дандаа хит дуу юм. Хүн болгоны дуулах дуртай дуу. Тоглолтын үеэр заал бараг тэр чигээрээ дуулах байх гэж бодож байгаа. Үзэгчид жинхэнэ дуу хөгжмийн таашаалыг энэ тоглолтоос авна. Нэгэн үеийнхэн нэгдээд нэгэн цагт тоглож байна гэдэг бол рок попын түүхийн бас нэгэн үеийг бичиж байгаа юм болов уу гэж бодож байна. Дээр нь бүх концерт амьдаар тоглогдоно" гэж сэтгэлийн үгээ хуваалцлаа.

Дашрамд сонирхуулахад, Хэдэн хөгжмийн зохиолч найзууд МУГЖ дуучин Б.Сарантуяагийн 30 насны төрсөн өдрөөр зориулсан дууны цоморлигийг төрсөн өдрийн баярын бэлэг болгоё гээд, тоглолтон дунд нь хамтлагийн нэр зарлах болсон гэдэг. Тухайн үед хөшигний ард тоглоом шоглоомоор тэд “Ахмадын золбоо” гээд нэрлэчихье гээд ярьж байжээ.

Тэр үед тэд залуу байсан болохоор энэхүү нэрнээсээ түр татгалзжээ. Харин одоо бол цаг нь болсон хэмээн үзээд “Ахмадын золбоо” гэж нэрлэсэн гэнэ шүү.

Д.Ана