Хавар цагийн онцлог, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элс буюу бидний нэрлэж заншсанаар цагаан тоосны дэгдэлт нэмэгдэх хандлагатай болдог. Тиймээс энэ улиралд цагаан тоос дарах ажлыг улам эрчимжүүлж, байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллах шаардлагатай гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлов. Энд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс болон Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цехийн ажилтнууд уртасгасан цагаар буюу амралтын бямба, ням гаригт ч тасралтгүй ажиллаж эхэлжээ. Хуурайшилтын улиралд салхины хурд нэмэгдэж, цаг агаарын нэмэх хасах температурын өөрчлөлт зэрэг нь цагаан тоосны дэгдэлт үүсэх гол шалтгаан болдог бөгөөд хар шороон хөрсөөр хучих, усны машинаар норгох,  кальци хлоридын уусмал найруулж шүрших аргыг өдөр бүр ашиглаж буйг Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны мониторинг сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг хэллээ.  

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь нийт 2098 га талбайг эзэлж байна. Үүнээс 1437 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэж үздэг. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран  дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажлыг үе шаттай хийсэн юм. Ингэхдээ хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үед хөрсөөр хучих зэрэг технологийн гурван аргыг хослуулсан нь үр дүнгээ өгч, нийт талбайн цагаан тоосны 80-90 хувийг даржээ.

М.Балжинням

Фото: Б.Ялалт