Монголын бурхан ша­шинтны төв Гандан­тэг­чинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Даш­чойнпэл дацангийн тэр­гүүн, гавж Содномын Ган­төмөртэй уулзаж ярилц­лаа. Тэрбээр монголчуу­дын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл суд­рын тайлбар, учир шалтгааны тухай өгүүлэх лекцээ тун удахгүй хийх гэж байгаа юм.

Ихэвчлэн айл бүхний бурхны дээр залардаг Алтангэрэл судрын тухай өгүүлэхийн учир юу вэ?

-Энэ судрыг бурханы гүн ухаанд судрын аймгийн хаан гэж нэрлэдэг. Учир нь тус сударт бурханы шашны бүх сургаал номлол багтдаг. Тиймээс энэ судар байсан цагт бурханы шашин дэлгэрнэ. Харин алга болсон цагт бурханы шашин ч замхран арилна гэж хэлдэг. Манай улсад ч гэсэн энэ л судраас бурханы шашин түгэн дэлгэрсэн байдаг.

Энэ сударт юуны тухай өгүүлдэг вэ?

-Бурханы шашны гол үнэт зүйл болсон хоосон чанар, төгс гэгээрэл, амар амгаланд хүрэх замыг дурдсан байдаг. Нийт 29 бүлэгтэй. Үүгээрээ энэ судрын ач холбогдол нь өндөр юм.

Өнөөдөр зохион байгуулах гэж буй лекцийнхээ тухай уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?

-Бурханы шашныг даган дуурайж, шүтэх нь сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь буддын гүн ухаан, утга учрыг ойлгож, танин мэдэх нь чухал юм. Тиймээс энэ шашны үзэл санаа, утга учрыг тайлбарлахад тус лекц оршиж байгаа. Монголчууд бидний ярьдаг "Ханш нээх өдөр" энэ арга хэмжээг зохион байгуулж буй нь ч цаанаа утга учиртай. Ханш нээх өдрөөр хамаг амьтан ичээнээсээ гарч, анхны тэнгэрийн дуу, солонго татдаг. Иймээс энэ өдрийг сайн сайхан бүхний эхлэл ч гэж үздэг. Бид Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран 4 дүгээр сарын 5-ны энэ өдрийг сонгон зохион байгуулж байгаа юм.

Лекц хэдэн цагт, хаана болох вэ?

-“UB Palace”-ийн концертийн их танхимд болно. Лекцинд ирэхдээ сүсэгтэн олон та бүхэн даллаганы уут, амуу буудайны үр, даллага авах идээ будаагаа залан ирвэл сайн шүү. Нийт сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ярилцсан Танд баярлалаа. Бурханы шашныг дэлгэрүүлэх ариун үйлст тань амжилт хүсэе.